Швед: Боловсролын системдээ цахим төрөөрөмж ашиглахаас илүү уламжлалт арга барилыг илүүд үзэх болжээ
2023, 9 сарын 12. 2:330

Боловсролын салбартаа цахим төхөөрөмж ашиглах явдлыг дэмжиж, ихээхэн ач холбогдол өгч байсан Швед улс цаасан ном ашиглах, гараар бичиж тэмдэглэх зэрэг уламжлалт боловсролын арга барилыг илүүд үзэх болжээ. Учир нь таблет зэрэг цахим төхөөрөмжүүд нь хүүхдийн сурах чадварт сөргөөр нөлөөлдөг хэмээн үзсэнтэй холбоотой аж.

Британийн өдөр тутмын Гуардиан, Ассошиэйтед Пресс зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдээлснээр, саяхан шинэ хичээлийн жилээ эхлүүлээд буй Шведийн сургуулиуд цаасан ном ашиглан хичээл хийх, унших, бичгийн хэрэгсэл ашиглан гараар бичих дадал зэргийг хэвшүүлэхэд онцгойлон анхаарч байгаа талаар өгүүлсэн байна. Нөгөөтэйгүүр, таблет ашиглах, интернетээс хайлт хийх, цахим төхөөрөмжин дээр шивэх зэрэг хэрэглээний эзлэх хувь тэр хэрээр буурчээ.

Тус улсын Боловсролын сайд Лотар Эдхолм өнгөрөгч гуравдугаар сард боловсрол эзэмшихэд цаасан ном зайлшгүй шаардлагатай гэдгийг онцлоод зогсохгүй сургуулийн өмнөх боловсролын байгууллагад цахим төхөөрөмж ашиглахыг зөвшөөрсөн засгийн газрын шийдвэрийг цуцална гэдгээ мэдэгдсэн юм. Мөн Боловсролын яам зургаан нас хүрээгүй хүүхэд хичээлийн явцад ямар нэгэн цахим төхөөрөмж ашиглахыг бүрмөсөн зогсоохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Үүний оронд тус улсын засгийн газар энэ жил цаасан ном худалдан авахад зориулж сургууль бүрт 685 сая кронын хөрөнгө оруулалт хийсэн байна. Цаашлаад ирэх хоёр жилийн хугацаанд жил бүр 500 сая крон нэмж олгохоор болжээ.

Ийнхүү шийдвэрлэх болсон шалтгаан нь хэт цахимжсан сургалтын аргуудаас болж сурагчдын сурах чадвар, тэр дундаа унших, бичих чадвар буурсан гэх судалгаа гарсантай холбоотой.

Дэлхий даяар бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчдын унших чадварыг үнэлдэг “Олон улсын унших, бичих чадварын судалгаа”-наас харахад 2016-2021 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд Шведийн сурагчдын унших чадвар мэдэгдэхүйц буурсан нь тогтоогджээ. Тодруулбал бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчдын унших, бичих чадварын дундаж оноо 2016 онд 555 байсан бол 2021 оны үнэлгээгээр 544-т хүрч 11 оноогоор буурсан байна.

Мөн өнгөрсөн сард Шведийн Хатан хааны Каролинскийн хүрээлэн тус улсын боловсролыг цахимжуулах тухай тайландаа “Цахим төхөөрөмж нь сурагчдын сурах чадварыг сайжруулахаас илүүтэй саад учруулдаг нь шинжлэх ухаанаар тодорхой нотлогдсон. Үнэн зөв эсэх нь батлагдаагүй цахим эх сурвалжаас мэдлэг олж авахын оронд хэвлэмэл сурах бичиг, багшийн ур чадвараар дамжуулан мэдлэг олж авахад анхаарах ёстой” хэмээн онцлон тэмдэглэв.

Боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгчид ч энэхүү судалгааны үр дүнтэй ижил санаа бодолтой байгаагаа дурдсаар байгаа юм.

Стокгольм хотын Джургарсколяны бага сургуулийн гуравдугаар ангийн багш Катарина Бранеллиус "10-аас доош насны сурагчдыг таблет дээр шууд бичиж, шивэх чадварыг суулгахаасаа өмнө гараар бичих дадлыг суулгах хэрэгтэй. Манай сурагчид математикийн хичээлдээ таблет ашигладаг ч хэл бичгийн хичээл дээр ашигладаггүй” хэмээн өөрийн сэтгэгдлийг илэрхийлсэн байна.

Гэвч тус улсын хэрэгжүүлж буй энэхүү шийдвэр бусад орны чиг хандлагатай зөрчилдөж байгаа юм. Тухайлбал Герман улс боловсролын салбарт цахим төхөөрөмжийн хэрэглээг өргөжүүлж байгаа бол Польш улс ч төсвийн хөрөнгөөр ​​бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчдад зөөврийн компьютер олгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.

Шведийн Боловсролын яам цахим төхөөрөмжүүдэд шүүмжлэлтэй хандаж байгааг зарим хүмүүс улс төрийн шинжтэй хэмээн үзсэн байна. Австралийн Монаш их сургуулийн боловсролын профессор Нейл Селвин хэлэхдээ, технологийн нөлөөллийг шүүмжлэх нь "консерватив улс төрчдийн хийдэг түгээмэл алхмуудын нэг бөгөөд энэ нь уламжлалт үнэт зүйлд үнэнч гэдгээ батлан харуулах сайхан арга юм" гэжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Хэдийгээр Шведийн засгийн газар "Технологи нь сургалтад сайнаар нөлөөлдөг гэх нотолгоо байхгүй" гэж мэдэгдэж байгаа ч энэ нь технологи болон боловсролын салбар хэрхэн уялдаж, ажилладаг талаарх судалгаа байхгүйтэй холбоотой юм. Технологи бол боловсрол гэх маш том ойлголтын зөвхөн нэгээхэн хэсэг нь” хэмээн өгүүлсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Z үеийнхэн МСҮТ, политехник коллежид суралцахыг илүүд үзэх болжээ
02024-4-4 4:39
Хоёр жил суралцахад хөгшрөлт 2-3 хувиар удааширдаг болохыг тогтоожээ
22024-4-2 12:12
Walmart сүлжээ дэлгүүр корпорацын түвшний зарим орон тоондоо диплом шаардахаа больжээ
2023-10-3 18:09
Төсвийн зардлаар бүх сурагчдад зөөврийн компьютер, таблет олгодог Сингапурын эгнээнд Польш улс нэгджээ
2023-9-25 23:07
АНУ: Пенсильванийн их сургууль төгсөгчдийнхөө санхүүгийн амжилтанд хамгийн ихээр санаа тавьдаг сургууль
2023-9-25 16:51
Spirit Airlines авиакомпани нисгэгч сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Liberty Их сургуультай хамтрах болжээ
02023-9-15 18:20
Швед: Боловсролын системдээ цахим төрөөрөмж ашиглахаас илүү уламжлалт арга барилыг илүүд үзэх болжээ
2023-9-12 2:33
АНУ: Их, дээд сургуульд сурах нь “ашиггүй хөрөнгө оруулалт” гэх ойлголт нэмэгдсээр байна
2023-9-11 2:48
Их Британи: Оюутнууд долоо хоногийн 3 өдөр л сургуульдаа явж, бусад цагт нь ажил хийх боломжтой болжээ
2023-9-8 3:55
Нидерланд улс сургуулийн анги танхимд гар утсыг хориглолоо
02023-7-5 21:54