АНУ: Их, дээд сургуульд сурах нь “ашиггүй хөрөнгө оруулалт” гэх ойлголт нэмэгдсээр байна
2023, 9 сарын 11. 2:480

Америкчуудын дунд их, дээд сургуулийн боловсролын хэрэгцээний талаарх ойлголт хурдацтай буурч байгаа бололтой.

Нью-Йорк Таймс сонины орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр, АНУ-д их сургуулийн боловсрол эзэмшихэд шаардагдах сургалтын төлбөр зэрэг зардал ихээхэн өсөхийн хэрээр их сургуулийн диплом нь тогтвортой ашиг олох баталгаа болдоггүй тул их, дээд сургуульд суралцах нь “ашиггүй хөрөнгө оруулалт” гэсэн ойлголт улам бүр нэмэгдсээр байна.

Өнгөрсөн зургадугаар сард олон нийтийн санаа бодлыг судлах зорилгоор Галлап хүрээлэнгийн зүгээс явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд Америкчуудын дөнгөж 36 хувь нь дээд боловсрол эзэмших хэрэгтэй хэмээн хариулжээ. Энэ нь 2015 (57%), 2018 (48%) онтой харьцуулахад мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм.

Өөр нэг санал асуулгад “Z үеийнхний (1995-2004 онд төрсөн залуус) 45 хувь нь ерөнхий боловсролын гэрчилгээ байхад ажил хийгээд, орлоготой амьдраад байж болно” гэж хариулсан бол 2021 онд мөн Галлап-ийн хийсэн судалгаагаар Америк эцэг эхчүүдийн 46 хувь нь хүүхдүүдээ ахлах сургуулиа төгссөний дараа их, дээд сургуульд суралцуулах хүсэлгүй байна гэжээ.

Эдгээр судалгааны дүнг батлах гэсэн мэт их, дээд сургуульд элсэгчдийн тоо ч жил ирэх бүр цөөрсөөр байна. 2010 онд АНУ-ын хэмжээнд их, дээд сургуульд суралцаж буй бакалаврын оюутнуудын тоо 18 саяас давж байсан бол 2021 оны байдлаар 15.5 саяд ч хүрэхгүй болжээ. Үүнээс харахад сүүлийн 13 жилийн хугацаанд энэ тоо 2.5 саяар буурсан байх юм.

2016 он хүртэл ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 70 гаруй хувь нь их, дээд сургуульд элсдэг байсан бол сүүлийн үед энэ тоо 62 хувь болтлоо буурчээ.

АНУ-ын энэхүү өөрчлөлт нь бусад өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургууль төгсөгчдийн тоо нэмэгдэж байгаатай урвуу үзүүлэлттэй байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал 2000 оноос хойш Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын залуучуудын бакалаврын зэрэг эзэмших түвшин дунджаар 20 гаруй хувиар өссөн байна. Тухайлбал Их Британид бакалаврын оюутнуудын тоо 2016 онтой харьцуулахад 12 хувиар өссөн бол АНУ-д мөн хугацаанд 8 хувиар буурсан байх юм. Түүнчлэн Канадад 25-34 насны насанд хүрэгчдийн 67 хувь нь хоёр болон дөрвөн жилийн их, дээд сургуулийн боловсрол эзэмшсэн нь АНУ-тай харьцуулахад 15 орчим хувиар өндөр байгаа юм.

Нью-Йорк Таймс сонин “АНУ-д их, дээд боловсрол эзэмших зардал хурдацтай нэмэгдэж байгаа ч төгсөөд олох орлогын хэмжээ буурч байна" гэж дүгнэжээ. Тус улсад их, дээд сургууль төгсөгчид болон ахлах сургууль төгсөгчдийн цалингийн зөрүүг харуулдаг үзүүлэлт 1980-аад оноос хойш аажмаар нэмэгдсээр ирсэн байна. 2000-аад оны эхээр дээрх үзүүлэлт 60 хувиас давж байсан бол түүнээс хойш 65 хувьд хүрчээ.

Гэвч өнгөрсөн жилийн үзүүлэлтээс харахад АНУ-ын дөрвөн жилийн хувийн болон улсын их, дээд сургуулиудын сургалтын төлбөр 1992 онтой харьцуулахад бараг хоёр дахин өссөн байх юм. АНУ-ын хувийн их сургуульд нэг жил суралцахад амьжиргааны зардлыг оруулан тооцвол жилд 58 мянган ам.доллар зарцуулагддаг аж. Төлбөрөө төлөхийн тулд сургалтын төлбөрийн зээл авч буй их, дээд сургуулиудын оюутнуудын тоо нэмэгдэхийн хэрээр тэдний нийт өр 1.6 их наяд ам.долларт хүрсэн нь 2007 онтой харьцуулахад (500 тэрбум ам.доллар) гурав дахин нэмэгдсэн байна. Гэтэл Канад, Японы улсын их, дээд сургуулиудын төлбөр жилд 5000 ам.доллар байдаг бол Франц, Герман, Дани, Германы их, дээд сургуулиуд үнэ төлбөргүй байдаг билээ.

Тус улсын их, дээд сургуульд суралцагчдын 40 хувь нь сургуулиа дүүргэж чаддаггүй гэх тооцоо гарсны дээр цалингийн хэмжээ мэргэжлээсээ хамаарч өөр өөр байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Темпл их сургуулийн профессор Дуглас Веберийн хийсэн судалгаагаар бизнесийн удирдлага эсвэл инженерийн чиглэлээр төгссөн бол өндөр цалин авах магадлал 75 хувиар их байдаг ч урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр мэргэшсэн бол тун хүнд байдаг гэв.

Нью-Йорк Таймс сонин “Их, дээд сургууль төгсөгчдийн тоо буурснаар 2030 он гэхэд АНУ-ын эдийн засагт 1.2 их наяд ам.долларын эдийн засгийн алдагдал гарах бөгөөд үүнийг Америкийн нийгэм үүрэхээс аргагүйд хүрнэ” хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35