Их Британи: Оюутнууд долоо хоногийн 3 өдөр л сургуульдаа явж, бусад цагт нь ажил хийх боломжтой болжээ
2023, 9 сарын 8. 3:550

Долоо хоногийн зөвхөн гурван өдөрт нь л хичээллэх шахсан хуваарьт тогтолцоо Их Британийн их дээд сургуулиудад дэлгэрэх болжээ. Ийнхүү их, дээд сургуулиуд хичээлийн хуваариа шахаж байгаа нь оюутнуудад суралцангаа ажиллах боломжийг бүрдүүлж буй хэрэг юм. Тус улсын эдийн засаг инфляцын өсөлтийн улмаас хямралд өртөж байгаа энэ үед их, дээд сургуулиуд шинэ тогтолцоог ийнхүү нэвтрүүлж буй явдал нь амьжиргааны зардал болон орон сууцны түрээсийн төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа их, дээд сургуулийн оюутнуудад ихээхэн анхаарал хандуулж буйн илрэл бөгөөд ингэснээр тэд сургуулиа хаях нөхцөл үүсэхгүй юм.

Их Британийн Гуардиан болон Телеграф сонины орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр, энэ хичээлийн жилийн эхний семестр буюу энэ намраас эхлэн Де Монфортын их сургууль, Ковентри их сургууль (Гринвич ба Дагенхам кампус), Сандерландын их сургууль, Лондонгийн Рохемптон их сургууль, Англиа Раскин их сургууль (Лондонгийн кампус), Их Британийн хуулийн сургуулиуд нь долоо хоногт гурван өдөр хичээллэх “шахсан хуваарийг” хэрэгжүүлж эхлэхээр болжээ.

Энэ нь оюутнууд өөрийн сонголтоор бүх хичээлээ долоо хоногийн хоёр, гурван өдөрт шахна гэхээс илүүтэйгээр сургуулийн зүгээс долоо хоногийн зөвхөн гурван өдөрт нь лекц, семинарыг шахснаар оюутнуудын сургуульд ирэх өдрийг багасгаж буйгаараа онцлогтой аж. Өөрөөр хэлбэл долоо хоногийн туршид олон төрлийн хичээлд суух бус нэг хичээлийг долоон долоо хоногийн хугацаанд эрчимтэй судлах “блокоор заах” (Block Teaching) аргыг хэрэглэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Харин оюутнууд хичээлгүй хоёр өдөр нь ажил хийж, амьжиргааны зардлаа олох боломжийг бүрдүүлж буй юм.

Өнгөрсөн жил зарим тэнхимүүддээ уг аргыг туршилтын журмаар хэрэгжүүлсэн Де Монтфортын их сургуулийн проректор Кэти Нормингтон "Оюутнууд энэхүү аргачлалтай холбоотойгоор тун сайхан сэтгэгдлүүдийг хэлсэн” хэмээн онцолсон байна. Түүнчлэн тус сургуулийн хийсэн судалгаагаар долоо хоногт гурван удаа шахсан хуваарийн дагуу хичээллэдэг оюутнуудын амьдралын чанар сайжраад зогсохгүй уламжлалт аргаар суралцдаг оюутнуудаас 10 орчим хувиар илүү аз жаргалтай байгаа нь тогтоогдсон гэжээ.

Их, дээд сургуулиуд долоо хоногийн гурван өдөр л хичээллэх шахсэн хуваарьт тогтолцоог хэрэгжүүлэх болсон гол шалтгаан бол олон оюутнууд амьжиргааны зардлаа олоход хүндрэлтэй байгаатай холбоотой. Их Британийн Дээд боловсролын бодлогын хүрээлэнгээс өнгөрсөн зургадугаар сард их дээд сургуулийн 10 мянган оюутны дунд явуулсан судалгаагаар санал асуулгад оролцогчдын 76 хувь нь орон сууцны түрээс, хүнсний бүтээгдэхүүн зэрэг амьжиргааны зардлын дарамт тэдний суралцахад сөргөөр нөлөөлж байгаа хэмээн хариулжээ. Судалгаанд хамрагдагсдын талаас илүү буюу 55 хувь нь хичээлийнхээ хажуугаар долоо хоногт дунджаар 13.5 цаг ажилладаг гэжээ.

Урьд өмнө нь тус улсын оюутан залуус амьдралын зардлаа нөхөхийн тулд цагийн ажил хийдэг байсан юм. Гэвч өнөө цагт их, дээд сургуулийн оюутнуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл өмнөх үеийнхээс тэс өөр түвшинд байгаа талаар Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлов. Тодруулбал цөөнгүй тооны оюутнууд эдийн засгийн асуудлаас болж сургуулиа хаяхгүйн тулд долоо хоногт дор хаяж хоёр ба түүнээс дээш ажил хийхээс аргагүй байдаг талаараа ярьсан байна.

Английн Хертфордширийн их сургуульд нийгмийн халамжийн чиглэлээр суралцдаг 26 настай Кларисса Струтер БиБиСи сувагт өгсөн ярилцлагадаа "Туслах багш, хүүхэд асрагч гэх мэтчилэн долоо хоногийн дөрвөн өдөр ажил хийж байж энэ зэрэгтэй амьдарч байна. Олон цагаар цагийн ажил хийх нь хичээлд саад болж байгаа ч өөр арга байхгүй” хэмээн өгүүлжээ. Заримдаа олон цагаар цагийн ажил хийдэг учраас хичээлэээ таслахаас өөр аргагүй тохиолдолууд ч гардаг хэмээн тэрээр үргэлжлүүлсн байна. Рассел групп буюу Британийн нэр хүндтэй 24 их сургуулийн харьяалагддаг холбооны оюутны зөвлөлөөс өнгөрөгч 3-р сард гаргасан судалгаагаар таван оюутан тутмын нэг нь амь зуухын тулд сургуулиа хаях талаар бодож үзсэн хэмээн хариулжээ.

Тус улсын хувьд өнөөг хэр нь инфляцын түвшин өндөр хэвээр байгаа юм. Их Британийн хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны аравдугаар сард 11.1 хувьд хүрч байсан ба түүнээс хойш бага багаар буурсаар өнгөрөгч долдугаар сард 6.8 хувьд хүрсэн ч энэ нь айл өрхүүдэд багагүй дарамт болсоор байна.

Түрээсийн орон сууцны асуудал ч үүнд хурцаар хөндөгдөхөөс аргагүй. Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, өнгөрсөн жил түрээсийн байрны үнэ дунджаар 836 фунт байсан нь өмнөх онтой харьцуулахад 5.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тэрчлэн түрэнсийн байрны эрэлт нийлүүлэлтээсээ давж, Их Британи даяар орон сууцны сарын түрээсийн үнэ өнгөрөгч долдугаар сар хүртэлх хугацаанд орон сууцны үнийн өсөлтөөс 2 дахин өссөн байна. Энэ нь гэр бүлээсээ тусдаа, сургуулийн ойролцоо амьдрах сонирхолтой оюутнуудад хүнд цохилт болж буй нь дамжиггүй. Тийм ч учраас сургуулиасаа алслагдмал дүүргүүдэд ч байр хөлслөх оюутнуудын тоо нэмэгдсээр байгаа аж.

Английн төв банкны ахлах эдийн засагч асан Энди Халдейл саяхан Скай Ньюс сувагт өгсөн ярилцлагадаа "Бид зээлийн хүүг хурдан бөгөөд зохистойгоор өсгөж, мөнгөний бодлогыг чангатгах ёстой байсан ч нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг арай л удаан хэрэгжүүлж орхисон. Улмаар засгийн газар инфляцыг хөөрөгдсөн алдаа гаргасан” хэмээн цохон тэмдэглэсэн байна. “Өдгөө энэхүү алдааны хүндийг оюутнууд нуруундаа үүрч байна. Засгийн газар цаг тухайд нь зохих арга хэмжээ авахгүй бол их дээд сургуулиуд нь зөвхөн чинээлэг, эрх ямбатай цөөнхийн хүүхдүүдэд зориулсан боловсролын байгууллага болох вий” хэмээн Дээд боловсролын бодлогын судалгааны хүрээлэнгийн нэгэн ажилтан санаа зовниж байгаагаа илэрхийлэв.

Эрх баригч буюу Консерватив намынхан ирэх оны сүүлчээр ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж байгаа ба их, дээд сургуулиудын оюутнуудад тулгарч буй бэрхшээл нь улс төрийн асуудал болж магадгүй юм. Сөрөг хүчин буюу Хөдөлмөрийн намын дарга Кейр Стармер “Хэрвээ би одоо их, дээд сургуулийн оюутан байсан бол эдийн засгийн нөхцөл байдал бүрхэгийн дээр өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй амьжиргааны зардлын улмаас сургуулиа төгсөж чадахгүйд хүрэх байсан” хэмээн дурдаж Риши Суннакийн засгийн газрыг шүүмжилжээ.

Тэрбээр "Орон сууцны түрээсийн зардал болон амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор хэцүүхэн байдалд буй хүмүүст эдийн засгийн тусламж үзүүлэх бодит арга хэмжээг бид удахгүй хэрэгжүүлэх болно” хэмээн дурдав. Британийн зах зээлийн судалгааны Опиниум компанийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 30-наас 1-ний хооронд хийсэн олон нийтийн санал асуулгаар Хөдөлмөрийн намын үнэлгээ (42%) Консерватив намаас (28%) илүү гарсан болохыг онцлов.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35