НАТО Украинд их бууны сум нийлүүлэх 1,1 тэрбум еврогийн гэрээ байгуулснаа зарлав.
Орон нутгийн цагаар 23-ны өдөр НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Бельгийн нийслэл Брюссель хот дахь НАТО-гийн төв байранд болсон гэрээнд гарын үсэг зурах ёслолын дараа хэлэхдээ, "Украины дайн сум зэвсгийн төлөөх дайн болж хувирлаа" гэжээ.
Энэхүү гэрээнд НАТО хэд хэдэн гишүүн орны нэрийн өмнөөс Украинд их бууны сум нийлүүлэх, өөрсдийн нөөцийг бүрдүүлэх зэргийг тусган гарын үсэг зурсан байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр НАТО ийнхүү олон тоогоор их бууны сум худалдан авч байгаагийнхаа хүчинд үнийг нь бууруулж чадсан бөгөөд энэхүү гэрээнд тусгаснаар 2025 оны эцэс гэхэд 220,000 орчим 155 миллиметрийн их бууны сумыг нийлүүлэх боломжтой болж буй аж.
Түүнчлэн уг гэрээний дагуу нийлүүлэх их бууны сумыг Франц, Германы зэвсэг үйлдвэрлэгчид үйлдвэрлэх төлөвтэй байгаа гэнэ.
Эргэн сануулахад Европын холбоо өнгөрсөн оны гуравдугаар сард Украинд нэг жил орчмын хугацаанд нэг сая ширхэг сум өгнө гэж амласан ч өнөөдрийг хүртэл ердөө 300 мянга орчим сум нийлүүлсэн гэх тооцоо бий.
Үүнтэй холбоотойгоор Европын холбооны комиссар Тьерри Бретон өнгөрөгч 19-ний өдөр хэлэхдээ, "Бид үйлдвэрлэлийн хүчин чадлаа үргэлжлүүлэн бэхжүүлж, оны эцэс гэхэд 1.3-1.4 сая ширхэг сум үйлдвэрлэх боломжтой болно" хэмээн мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Эх сурвалж: JoongAng
Oros hze negen tsagt ed nariin esreg orniig sumaar hangaj niiluuleh heregt