Лхагва гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш өсөж, нэгж биткоины үнэлгээ сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд анх удаагаа 51,000 ам.долларыг давжээ. Улмаар лхагва гарагийн 18:30 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 51,448.96 ам.доллар байна.
Биткоины ханшийн хувьд хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сард 51,000 ам.долларын үнэлгээтэй байсан ч түүнээс хойш тасралтгүй унасан юм. Харин лхагва гарагт тус валютын үнэлгээ хамгийн ихдээ 51,635.34 ам.долларт хүрчээ.
Тийнхүү биткоины ханш өсөхөд уг коины ханшийг даган хэлбэлздэг бусад коины ханш ч өссөн байна. Тодруулбал, нэгж эфериумын ханш л гэхэд сүүлийн 24 цагийн хугацаанд 2.96 орчим хувиар өсөж, Улаанбаатарын цагаар 18:30 минутад 2,754.07 ам.долларт хэлбэлзэж байв.
Улмаар зах зээлийн шинжээчдийн таамаглаж байгаагаар энэ маягаар биткоины ханш өссөөр ойрын нэг жилийн хугацаанд нэгжийн үнэ 75,000 ам.долларт хүрэх юм.
Эх сурвалж: CoinMarketCap