Английн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 20 дугаар тойргийн тоглолтод Ливерпүүл клуб талбайдаа Ньюкасл клубийг хүлээн авч 4:2 онооны харьцаатай хожлоо. Тоглолт Энфилд цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан юм.
Улмаар Ливерпүүл клубээс Мохамед Салах (49, 86 дахь минут), Кёртис Жонс (74), Коди Гакпо (78) нар нийт 4 гоол оруулсан бол Ньюкасл клубээс Александр Исак (54), Свен Ботман (81) нар нийт 2 гоол оруулсан байна.
Тоглолтыг тоймлох аваас, тоглолтын 22 дахь минутад М.Салах торгуулийн цохилтыг алдсан ч 85 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай цохиж, гоол оруулан оноо авсан юм. Тийнхүү египет довтлогч М.Салах Английн аварга шалгаруулах тэмцээнд Ливерпүүл клубийн өмнөөс 150, 151 дэх гоолоо оруулжээ.
Үүнээс гадна тоглолтын хүрээнд эхний хагаст клубүүдийн оруулсан гоолыг шүүгчид дүрс бичлэг ухраан үзэж, отон тоглолт байсан хэмээж, оноог тооцоогүй байна.
Ливерпүүл клубийн хувьд одоогоор Английн Премьер лигт 13 тоглолт дараалан (8 хожил, 5 тэнцээ) хожигдолгүй явж байгаа юм. Улмаар тэд одоогоор нийт 45 оноотойгоор лигийг тэргүүлж байгаа бол Ньюкасл клубийн хувьд гурав дараалан хожигдож, 29 оноотойгоор лигийн есдүгээр байрт жагсаж байна.
Дараагийн тойрогт Ливерпүүл клуб Борнмут клубтэй нэгдүгээр сарын 21-нд тоглох юм. Харин Ньюкасл клуб нэгдүгээр сарын 13-нд Манчестер Сити клубийг талбайдаа хүлээн авна.
Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/