Fortnite тоглоомыг хөгжүүлэгч Epic Games компани нийт ажиллах хүчнийхээ 16 хувийг орон тооны цомхотголд оруулах болжээ. Нийт ажиллах хүчний 16 хувь гэдэг нь 870 орон тоотой тэнцэх юм.
Мөн тэдний зүгээс өнгөрсөн жил худалдан авсан Bandcamp цахим хөгжмийн хуудсаа ч зарах болжээ.
Ийн шийдвэрлэх болсон шалтгаан нь Epic Games компанийн зарлага орлогоо давж байгаагаас үүдэн тэд зардлаа танах шаардлагатай болсонтой холбоотой гэнэ.
Үйл явдлын хүрээнд BBC сувгаас мэдээлснээр Epic Games компани орон тооны цомхотгол хийхээ зарласан ч яг хаана цомхотгол хийхээ тодорхой мэдэгдээгүй гэжээ. Тэдний хувьд АНУ, Их Британи гээд олон улсад салбартай тул орон тооны цомхотгол аль, аль улс дахь оффисыг хамрах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Компанийн гүйцэтгэх захирал Тим Свийнигийн мэдэгдсэнээр орон тооны цомхотголын гуравны хоёр нь үндсэн хөгжүүлэлтийн багаас бусад алба нэгжүүдийн хүрээнд хийгдэнэ гэжээ.
Эх сурвалж: BBC