Иран улс нь Хятад, Орос тэргүүтэй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад (ШХАБ) албан ёсоор элссэнээр Америкийн эсрэг эв санааны нэгдлийг улам бэхжүүлсэн талаар Ираны төрийн мэдлийн IRIB суваг орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлсэн байна.
Ираны ерөнхийлөгч Сейед Эбрахим Раши мөн өдөр Энэтхэгийн Шинэ Дели хотноо цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ “Бид гишүүн орнуудын хамтаар энх тайван, эв нэгдлийг бий болгохоос гадна шударга дэг журмыг чиг баримжаагаа болгосон алсын харааг цогцлоох болно” хэмээн цохон тэмдэглэжээ.
Тэрээр үргэлжлүүлэн “Олон улсын шударга ёсыг бий болгохын тулд нэг талыг барьсан давуу байдлыг устгах шаардлагатай. Ам.доллар бол барууны ноёрхлын гол зэвсэг учраас бид долларыг орлох эдийн засгийн шинэ тогтолцоог бий болгох ёстой” хэмээн дурдсан байна.
Энэ удаагийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Иран улсыг албан ёсны гишүүн болгон хүлээн зөвшөөрсөн юм.
Эх сурвалж: MBC