Германы хөлбөмбөгийн шигшээ баг 70 жил ивээн тэтгүүлсэн Adidas-аас “нүүр буруулж”, 2027 оноос Nike-тай хамтрана
3 сарын 24. 12:570

Германы хөлбөмбөгийн шигшээ баг 2027 оноос эхлэн Adidas-ын өмсгөлөө Nike-ынхаар солихоор болжээ.

Германы Хөлбөмбөгийн Холбоо (DFB) орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдэгдэхдээ "Бид Nike компанитай 2027-2034 он хүртэл хувцас хэрэглэл, бусад нэмэлт тоноглол нийлүүлэх гэрээ байгууллаа. ​​Nike компани нь холбооны бүх шигшээ багийг хувцас хэрэглэл, бусад тоноглол, нэмэлт материалаар хангаж, Германы хөлбөмбөгийн спортод хувь нэмрээ оруулах болно" гэжээ.

Тус улсын Үндэсний шигшээ багийг 70 гаруй жил ивээн тэтгэж ирсэн дотоодын Adidas брэндээс “нүүр буруулж”, Америкийн Nike компанитай гэрээ хийх болсон шалтгаан нь санхүүгийн асуудал байсныг Германы Хөлбөмбөгийн Холбоо нуугаагүй юм.

Тус холбооны санхүү хариуцсан албаны хүн болох Стефан Грюнвальд хэлэхдээ "Nike компанийн зүгээс өгсөн амлалт нь холбоонд санхүүгийн тогтвортой ирээдүйг дахин бий болгож байгаад бид талархаж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

ТУЗ-ийн дарга Бернд Нойендорф “Бид 2026 оны арванхоёрдугаар сар хүртэл Германы хөлбөмбөгийн түүхэнд 70 гаруй жилийн турш асар их үүргийг хүлээж, итгэлт түнш байсаар ирсэн Adidas-тай хамтран амжилт гаргахын төлөө чадах бүхнээ дайчлах болно” гэж хэлэв.

Германы Хөлбөмбөгийн Холбоо ирэх зургадугаар сард болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд (Евро 2024) өмсөх Adidas-ын шинэ өмсгөлөө олон нийтэд танилцуулснаас хойш долоо хоногийн дараа ийнхүү ивээн тэтгэгчээ өөрчилснөө зарлаж байгаа нь олны анхаарлыг татсан юм.

Уламжлалт бус ягаан, нил ягаан өнгийг уусган бүтээсэн фанатуудын энэхүү шинэ өмсгөлд олон шүтэн бишрэгчид тийм ч таатай хандаагүй. Олон нийтийн санаа бодлыг судлах Seabay агентлагаас явуулсан судалгаагаар санал асуулгад оролцогчдын 28 хувь нь уг өмсгөлд “дуртай” хэмээн хариулсан бол 57 хувь нь “дургүй” гэж хариулжээ.

Харин Adidas компани албан ёсны дүн мэдээ дурдалгүйгээр "Энэ удаагийн фанатын өмсгөл борлуулалт түүхэнд тэмдэглэгдэн үлдэхүйц өндөр байлаа” хэмээн онцолсон юм.

Германы эрэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг нь хуучин Баруун Герман байх үеийг оролцуулаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) дөрвөн удаа, Европын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа Adidas-ын өмсгөлтэй түрүүлж байв. Харин эмэгтэй шигшээ баг ДАШТ-д хоёр удаа, Европын аваргад найман удаа түрүүлсэн байдаг.

Гэвч 2014 онд Бразилд болсон ДАШТ-д түрүүлснээс хойш зохион байгуулагдсан хоёр ч удаагийн ДАШТ-ий хэсгээсээ шалгарч чадаагүй эрэгтэй шигшээ багийн хэдэн жил үргэлжилж буй энэхүү уналтаас болж Хөлбөмбөгийн Холбоо ч санхүүгийн хүндрэлтэй тулгараад байгаа аж.

Тодруулбал тус холбоо 2022 онд 4.2 сая еврогийн алдагдалтай ажилласан бол өнгөрсөн онд хүлээсэн алдагдалын хэмжээ үүнээс ч их байсан гэж Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тооцоолоод байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Nike компани зардлаа бууруулахын тулд АНУ дахь төв оффисынхоо 700 ажилтныг цомхотгохоор шийджээ
02024-4-22 13:44
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог худалдаанд гарснаасаа хойш 24 цагийн дотор 1.6 сая гаруй ширхэг борлуулагджээ
02024-4-22 13:00