Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
3 сарын 28. 11:490

Энэтхэгийн Мумбай хот хамгийн олон тэрбумтантай Азийн хот болсныг “Hurun” судалгааны хүрээлэнгээс гаргадаг дэлхийн чинээлэг эрхмүүдийн жагсаалт харууллаа. Ингэснээр Энэтхэгийн хамгийн олон хүн амтай тус хот нь Хятадын нийслэл Бээжинг ардаа орхиж, анх удаа Азидаа тэргүүлсэн байна.

Дэлхийн хамгийн олон тэрбумтантай хотуудын 2024 оны жагсаалтыг Нью-Йорк /119/ тэргүүлж, Лондон /97/ удаалжээ. Харин Азиас Энэтхэгийн санхүүгийн нийслэл гэгддэг Мумбай 92 тэрбумтантайгаар жагсаалтын гуравдугаарт бичигдсэн бол дөрөв, тавдугаарт Бээжин /91/, Шанхай /87/ хотууд орсон байна.

Өдгөө дэлхийн тэрбумтнуудын тоо 3279-д хүрсэн нь 2023 оныхоос 5 хувиар өссөн үзүүлэлт болохыг тайланд дурдлаа. Тэгвэл улс орнуудыг тэрбумтнуудын тоогоор жагсаавал, Хятад улсынх жилийн өмнөхөөс 155-аар цөөрсөн ч 814 тэрбумтантайгаар тэргүүн байраа хадгалсан байна. АНУ-ын хувьд 800 тэрбумтантайгаар хоёрдугаарт, Энэтхэг 271 тэрбумтантайгаар гуравдугаарт тус тус бичигджээ.

“Хятад улсын хувьд таагүй жил байлаа. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Хятадад баялаг бүтээхэд хүндрэл тулгарч, үл хөдлөх хөрөнгө болон сэргээгдэх эрчим хүчний салбарын тэрбумтнуудын хөрөнгө багассан” гэж судалгааны хүрээлэнгийн тайланд тэмдэглэсэн байна. Гэхдээ савласан усны томоохон компани болох “Нонфу Спринг”-ийг үүсгэн байгуулагч Жун Шаньшань Хятадын хамгийн баян эрхэм хэвээр байна. Харин цахим худалдааны платформ болох “Пиндуодуо”-г үндэслэгч Колин Хуан энэ онд “Тенсент”-ийн гүйцэтгэх захирал Ма Хуатэнийг гүйцэж, хоёрдугаарт бичигджээ.

2023 онд АНУ-ын тэрбумтнуудын тоо 109-өөр нэмэгдсэн нь Хятадынхаас 14-өөр цөөн байв. Тайланд дурдсанаар, АНУ-д хиймэл оюун ухааны салбар нь хэт чинээлэг хүмүүсийн тоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болсон байна. “Нвидиа” компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд ам.долларын босгыг давснаар тус компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан “Hurun Top 30” жагсаалтад орсон бол хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухаанаар бүтээх үнэ цэнд ихээхэн найдлага тавьж байгаатай холбоотойгоор “Майкрософт”, “Гүүгл”, “Амазон”, “Оракл”, “Мета” зэрэг компаниудын ардах тэрбумтнуудын хөрөнгө ч мөн мэдэгдэхүйц өсжээ.

“Блүүмберг”-ийн тэрбумтнуудын индексээс үзэхэд, “Амазон”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос, “Тесла”-гийн гүйцэтгэх захирал Илон Маск нар тус тус 201 тэрбум, 190 тэрбум долларын хөрөнгөтэйгээр жагсаалтыг тэргүүлж байна. Түүнчлэн 2023 оны гуравдугаар сараас “Eras” аялан тоглолтоо эхлүүлж, одоогоор АНУ, Өмнөд Америк, Австрали, Сингапур, Токиод тоглолтоо хийгээд буй Америкийн дуучин Тэйлор Свифт 1.2 тэрбум долларын хөрөнгөтэйгээр “Hurun” хүрээлэнгийн жагсаалтад багтжээ.

АНУ-ын араас Энэтхэг улс тэрбумтнуудын жагсаалтдаа 84 шинэ гишүүн нэмснээр удаалжээ. Өнгөрсөн оны 10-12 дугаар сард ДНБ нь 8.4 хувиар өссөний дараа Өмнөд Азийн тус улс одоо дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засаг болоод байна. Улмаар 12 дугаар сард Энэтхэгийн хөрөнгийн зах зээл Хонконгийг гүйцэж, дэлхийн долоо дахь том зах зээл болж, одоо 4 их наяд гаруй ам.доллараар үнэлэгдэж байгааг “Refinitiv”-ийн мэдээлэл харуулж байна.

Энэтхэгийн “Релаенс Индастрис” компанийн тэргүүн Мукеш Амбани “Блүүмберг”-ийн индексээр нийт 110 тэрбум долларын хөрөнгөтэйгээр Азидаа нэгдүгээрт, дэлхийд 11 дүгээрт бичигдсэн хэвээр байна. Нэгдүгээр сард “Адани” группийн үүсгэн байгуулагч, тэргүүн Гаутам Адани нь М.Амбаниг богино хугацаанд гүйцэж түрүүлсэн боловч одоо 97.9 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр гурван байраар ухарсан гэж “Блүүмберг” мэдээлжээ.


Эх сурвалж: CNBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35