SIPRI: Европын зэвсгийн импорт нэмэгдэж, Оросын зэвсгийн экспорт буурч байна
3 сарын 11. 18:050

Украинд эхлүүлсэн Оросын дайн дэлхийн зэвсгийн худалдаанд ихээхэн нөлөөлж байгааг дэлхийн тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын хүрээлэнгийн (SIPRI) жил тутмын тайлан харууллаа.

2019-2023 оны дэлхийн зэвсгийн зах зээлийг 2014-2018 оныхтой харьцуулахад хэд хэдэн эрс өөрчлөлт гарчээ. Сүүлийн таван жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд олон улсын зэвсгийн нийлүүлэлтийн хэмжээ бага зэрэг буюу 3.3 хувиар буурсан хэдий ч Европын орнуудын зэвсгийн худалдан авалт бараг хоёр дахин (+94 хувь) нэмэгдсэн байна. Мөн Ази, Далайн орнууд, түүнчлэн 10 томоохон импортлогч орны ес нь оршдог Ойрхи Дорнод руу их хэмжээний зэвсэг нийлүүлжээ.

АНУ, Францын зэвсгийн экспорт нэмэгдэж байна

Өмнөх оны тайлантай харьцуулахад зэвсгийн экспортоор тэргүүлэгч гурван улсын байрт нэг өөрчлөлт гарчээ.Эхний байрт АНУ урьдын адил бичигдсэн хэвээр байгаа бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд тус улсын зэвсгийн экспорт 17 хувиар өссөн нь дэлхийн зэвсгийн экспортод эзлэх хувь хэмжээ нь 34-өөс 42 хувь болж нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Мөн 2019-2023 онуудад дэлхийн 107 оронд зэвсэг нийлүүлсэн нь өмнөх 2014-2018 оныхоос нэмэгдсэн үзүүлэлт аж. Түүнчлэн 2019-2023 онд Европын орнуудын импортолсон зэвсгийн 55 орчим хувийг АНУ эзэлж байгаа нь 2014-2018 оныхтой харьцуулахад 20 хувиар их байгаа юм. НАТО-гийн гишүүн Европын орнууд Америкаас зэвсэг худалдан авах шийдвэр гаргаж байгаа нь технологи, цэрэг, санхүү, Атлантын далай дамнасан түншлэлийг зайлшгүй хадгалах шаардлагатай байгаа гэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг гэж тайланд дурджээ. "Хэрэв ирэх жилүүдэд Атлантын далай дамнасан түншлэл өөрчлөгдөх юм бол зэвсэг худалдан авах Европын орнуудын бодлого өөрчлөгдөж магадгүй" гэж SIPRI -ийн захирал Дан Смит хэллээ.

Зэвсгийн экспортын хэмжээгээр Франц улс Оросыг ардаа орхиж хоёрдугаарт бичигджээ. Францын зэвсгийн экспорт 47 хувиар, дэлхийн зэвсгийн экспортод эзлэх хувь хэмжээ нь 11 хувиар (2014-2018 онд 7.2 хувь) нэмэгдсэн байна. Францын зэвсгийн экспортын өсөлтөд Энэтхэг, Катар, Египетэд байлдааны нисэх онгоц нийлүүлсэн нь голлон нөлөөлсөн байна. Энэтхэг улс Францын зэвсгийн экспортын 30 шахам хувийг эзэлснээр тус улсын зэвсгийг импортлогч хамгийн том улс болжээ.

Оросын экспорт хоёр дахин буурчээ

Орос улс дэлхийн зэвсэг нийлүүлэгчдийн жагсаалтад гуравдугаар байр луу ухарсан байна. 2019-2023 онд тус улсын зэвсгийн экспорт бараг хоёр дахин буюу 53 хувиар буурчээ. Дэлхийн нийлүүлэлтэд Оросын эзлэх хувь 10 хувиар буурч, Франц улсынхтай тэнцсэн байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд Оросын зэвсгийн экспорт хурдацтай унаж байна гэж SIPRI-ийн шинжээчид тэмдэглэжээ. Тус улс 2019 онд 31 оронд зэвсэг нийлүүлж байсан бол 2022 онд 14, 2023 онд 12 болж цөөрчээ. Энэ нь дэлхийн зэвсгийн зах зээлд Орос улс байр сууриа алдаж байгаагийн бас нэг шинж тэмдэг аж.

2019-2023 онд Оросын зэвсгийн экспортын 60 гаруй хувь нь Энэтхэг (34 хувь), Хятад (21 хувь), Египет (7.5 хувь) гэсэн гурван оронд ногджээ. Энэтхэг нь Оросын зэвсгийн хамгийн том импортлогч орон байсан боловч 2014-2018 оныхтой харьцуулахад Азийн энэ улс руу нийлүүлсэн зэвсгийн хэмжээ 34 хувиар, Хятад руу 39 хувиар, Египет рүү 54 хувиар тус тус буурчээ. Ирэх жилүүдэд Оросын зэвсгийн экспорт 2014-2018 онд хүрсэн түвшнээс нэлээд доогуур байна гэж шинжээчид үзэж байна.

Герман улс зэвсэг экспортлогч тав дах хамгийн том орон

Герман улс зэвсэг экспортлогч томоохон орнуудын жагсаалтад тавдугаар байраа хадгаллаа. 2019-2023 онд тус улсын экспорт 14 хувиар, дэлхийн зэвсгийн нийт экспортод эзлэх хувь 6.3-аас 5.6 хувь болж бага зэрэг буурчээ. Гол худалдан авагчид нь Ойрхи Дорнодын орнууд бөгөөд Францын хамтаар Европын орнуудад зэвсэг нийлүүлдэг гол гурван орны нэг болсон байна. Европын орнуудад нийлүүлсэн нийт зэвсгийн 6.4, 4.6 хувийг Герман, Франц улсууд тус тус эзэлжээ.

2023 он Германы батлан хамгаалах салбарын хувьд онцгой сайн жил байлаа. "Мэдээж энэ нь Украинд үзүүлсэн цэргийн тусламжтай холбоотой, гэхдээ Сингапурт шумбагч онгоц, Израил, Египетэд фрегат, корветт нийлүүлсэнтэй ч холбоотой" гэж SIPRI-ийн ахлах судлаач Питер Веземан хэлэв.

Украин улс Европоос хамгийн их зэвсэг импортолжээ

2019-2023 онд Европын зэвсгийг хамгийн их импортолсон улс нь Украин болжээ. Мөн 2022 оны хоёрдугаар сараас хойш хамгийн багадаа 30 улс Украинд цэргийн тусламж болгон зэвсэг нийлүүлсний дараа зэвсгийн импортоор дэлхийн дөрөв дэх том улс болсон байна. Тус улсын дэлхийн зэвсгийн импортод эзлэх хувь 2014-2018 онд 0.1 хувьтай байсан бол 2019-2023 онд 4.9 хувьд хүрчээ. Үүний зэрэгцээ, импортын нийт өсөлт нь 6633 хувьд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Киевт зэвсэг нийлүүлэгч гол орнууд нь АНУ (39 хувь), Герман (14 хувь), Польш (13 хувь) болсон байна.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01