АPEC-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Илон Маск, Сэм Алтман зэрэг томоохон бизнесмэнүүд чуулна
2023, 11 сарын 14. 15:170

АНУ-д зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АPEC) дээд хэмжээний уулзалтын оргил хэсгүүдийн нэг бол яах аргагүй АНУ-ын томоохон компаниудын гүйцэтгэх захирлуудын чуулган юм. Тодруулбал Теsla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, Microsoft компанийн гүйцэтгэх захирал Сатя Наделла, Alphabet-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай, хиймэл оюун ухааны ChatGPT технологийг хөгжүүлэгч OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман зэрэг мэдээлэл технологийн салбарын “акулууд” дэлхийн технологийн нийслэл" гэгддэг Цахиурын хөндийтэй зэрэгцэн оршдог Сан Франциско хотноо зохион байгуулагдах энэхүү чуулганд оролцох аж.

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын нэр дор зохион байгуулагдах гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний чуулга уулзалт орон нутгийн цагаар 14-16-ны өдрүүдэд тус арга хэмжээ болж буй Москоне төвд болох гэнэ. Энэхүү дээд хэмжээний уулзалтыг General Motors компанийн гүйцэтгэх захирал Мэри Барра болон Visa компанийн гүйцэтгэх захирал Альфред Келли нар удирдан явуулах гэнэ.

Ялангуяа 16-ны өдөр болох Илон Маск болон Salesforce-ийн гүйцэтгэх захирал Марк Бениоф нарын дунд ямар яриа өрнөх бол гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна. Учир нь саяхан АНУ болон Европын хууль тогтоогчид хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зохицуулалтыг чангатгаж байгаатай холбоотойгоор энэ талаарх байр суурийг сонсохыг тус салбарынхан хүсэж буй нь лавтай.

Харин 15-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Америкийн бизнес эрхлэгчидтэй оройн зоог барихаар төлөвлөжээ. АНУ-ын харилцаа холбооны үндэсний газар болон АНУ-Хятадын бизнесийн төвийн зохион байгуулж буй энэхүү үдийн зоогт Америкийн салбар салбарын томоохон компаниудын гүйцэтгэх захирлууд оролцох аж. Гэвч энэхүү оройн зоогт оролцох гүйцэтгэх захирлуудын нэрс одоог хэр нь нууцлаг хэвээр байна. Ши Жиньпин даргын хувьд мөн өдөр Америкийн компаниудын удирдлагуудтай биечлэн уулзаж, Хятадад хөрөнгө оруулалт хийх нь урьдын хэвээр аюулгүйн дээр тус улсын эдийн засаг тогтвортой байгаа гэдгийг бизнес эрхлэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байгаа нь тодорхой юм.

Энэхүү дээд хэмжээний уулзалтад газрын тосны салбартаа АНУ-даа тэргүүлэгч ExxonMobil компанийн гүйцэтгэх захирал Даррен Вүүдс, банк санхүүгийн салбарын Citi компанийн гүйцэтгэх захирал Жэйн Фрейзер, FedEx-ийн гүйцэтгэх захирал Раж Субраманиам, Mastercard-ын гүйцэтгэх захирал Майкл Мибач нар оролцох юм. Үүнээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс, Гадаад харилцааны зөвлөлийн ерөнхийлөгч Майкл Фроман, Евразиа группын гүйцэтгэх захирал Ян Бремер зэрэг гадаад харилцааны хэд хэдэн шинжээчид оролцохоор төлөвлөжээ.

Гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулж буй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны Үндэсний төвийн ерөнхийлөгч Моника Харди Уорли “Энэ удаагийн гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний чуулга уулзалтад бизнесийн удирдагчид болон шийдвэр гаргагчдыг нэг дор цуглуулж, дэлхийн эдийн засгийн хөгжлийг хөдөлгөгч хувийн хэвшлийн үнэ цэнийг тодотгон харуулахаар зорьж байна. Дэлхий нийт яг одоо олон сорилттой тулгараад байгаа бөгөөд бид хамтдаа шийдэл гаргаж чадна” хэмээн онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35