Хятадын хувийн хэвшлийн томоохон компаниудын захирлууд яагаад ээлж дараалан сураг алдрах болов?
2023, 11 сарын 11. 2:250

Сүүлийн үед Хятадын хувийн хэвшлийн компаниудын захирлууд холбоо тасрах, сураггүй болох тохиолдол ихсэх болсон нь анхаарал татаж байна. Ши Жиньпиний засаг захиргаа компониудыг бодлогоор хяхаж хавчих үзэгдэл эргэн сэргэж буй бололтой хэмээн шинжээчид харж байгаа аж.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 9-ний өдөр мэдээлснээр, Nasdaq-д бүртгэлтэй Хятадын хэвлэл мэдээллийн салбарын шууд дамжуулалтын Douyu компанийн гүйцэтгэх захирал Чен Шиаожи өнгөрсөн сараас хойш холбоо тасарсан талаар онцлов. Үүнтэй холбогдуулан тус компанийн зүгээс гүйцэтгэх захирал Чен хаана байгаа талаар ямар нэгэн мэдээлэл өгөлгүй зөвхөн “Компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Гүйцэтгэх захирал Чен алга болсон нь Хятадын зохицуулагчид Douyu компанийг шалгаж байгаатай нягт холбоотой. Financial Times сонины онцолсноор “Гүйцэтгэх захирал Ченыг Хятадын эрх баригчид Douyu-гийн порнограф, мөрийтэй тоглоомын контентыг мөрдөн шалгах ажлын хүрээнд баривчилсан" гэж мэдээлэв.

Түүнчлэн Хятадын Шэньжэний хөрөнгийн биржид бүртгэлтэй Wohua Pharmaceutical компанийн захирал Жао Бинсянь мөн саяхан холбоо тасраад байсан ба түүнийг Хятадын эрх баригчид баривчилсан болохыг тус компани өнгөрөгч 6-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Тус компанийн мэдэгдсэнээр, мөрдөн байцаалтад хамтран ажиллахыг эрх баригчид түүнээс хүссэн гэв.

Сураггүй болсон бизнесменүүдийн тоо зөвхөн үүгээр ч хязгаарлагдахгүй. Өнгөрсөн есдүгээр сард Хятадын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч Evergrande компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Сюй Жэйнийг саатуулж, шалгаж буй нь мөн л нэлээн хожуу ил болж байсан билээ. Тэрчлэн өнгөрсөн онд ор сураггүй алга болсон Хятадын санхүүгийн магнат China Renaissance компанийн тэргүүн Бао Фаныг мөн Хятадын эрх баригчид шалгаж байгаа нь өнгөрсөн хоёрдугаар сард батлагдсан.

Ийнхүү томоохон бизнесмэнүүд ээлж дараалан сураг алдарч буй явдал нь Хятадын эрх баригчид компаниудыг хяхаж, хавчих бодлогоо дахин хэрэгжүүлж эхэлсэн гэх таамаглалыг нийгэмд өгч байна.

2020 оны аравдугаар сард цахим худалдааны салбартаа тэргүүлэгч Аlibaba компанийн үүсгэн байгуулагч Жэк Ма засгийн газрын бодлогыг шүүмжилсний дараачаас тус улсын эрх баригчид хувийн хэвшлийн компаниудад хатуу хяналт тавьж эхэлсэн билээ. Харин өнгөрсөн оны сүүлчээр цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж асан “Тэг-Ковид” бодлогыг цуцалснаас хойш буюу энэ оны эхний хагаст эдийн засгаа сэргээх зорилгоор хувийн хэвшлийн компаниудад тавих хяналтаа зөөлрүүлэх хандлагатай болж байгаа нь ажиглагдаж байсан нь ийнхүү үүгээр дуусгавар болсон бололтой.

Wall Street Journal сонины онцолж буйгаар “Бизнес эрхлэгчид ээлж дараалан сураг алдарч, нэг талаар хэлмэгдүүлэлт гэж хэлж болохуйц үйл явдал өрнөж буйтай холбоотойгоор Хятадын бизнесийн хүрээнийхэн дунд болгоомжилсон уур амьсгал ноёлох болжээ. Энэ нь санхүүгийн салбарт сөргөөр нөлөөлж байна" хэмээн өгүүлжээ.

Хонг Конгийн их сургуулийн профессор Чен Живу тус сонинд өгсөн ярилцлагадаа “Бизнесийн хүрээнийхэн энэ бүхнээс сургамж авч, зарим нь шинэ бизнест хөрөнгө оруулах хүсэлгүй болсон. Бодлогын түвшинд бодитой институцийн шинэчлэл хийлгүй энэ байдлаараа эдийн засгийг сэргээж, тогтвортой байлгана гэдэг бол тун хүнд асуудал болох нь тодорхой” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35