Газын зурвас дахь энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломжийг олгохын тулд Израилийн тал өдөр бүр 4 цагийн турш байлдааны ажиллагааг зогсоохыг зөвшөөрсөн хэмээн Цагаан ордон мэдэгдэв.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби өнөөдрөөс эхлэн өдөр бүр 4 цагийн турш байлдааны ажиллагааг зогсоохоор болж буйд баяртай байгаагаа цахим хэвлэлийн хурлын үеэр цохон тэмдэглэсэн байна.
Тэрээр үргэлжлүүлэн байлдааны ажиллагааг түр зогсоох үед ямар нэгэн хэлбэрээр цэргийн ажиллагаа огт явуулахгүй бөгөөд 4 цагийн турш байлдааны ажиллагааг зогсоох энэхүү шийдвэрийнхээ өдөр бүрийн хуваарийг хамгийн багадаа 3 цагийн өмнө мэдэгдэхээ Израилийн зүгээс амласан гэв.
Үүний өмнөхөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярих үеэрээ өдөр бүр тодорхой хугацаагаар байлдааны үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг тавиад байсан юм.
Эх сурвалж: YTN