“Энэтхэгийн Билл Гейтс" гэгддэг дэлхийн хэмжээний мэдээллийн технологийн Infosys компанийг үүсгэн байгуулагч Нараяана Мурти "Энэтхэг дэлхийн эдийн засгийн хүчирхэг гүрэн болохын тулд залуучууд олон цагаар ажиллах хэрэгтэй" гэж хэлсэн нь маргаан дагуулжээ. Тэрээр мөн Их Британийн ерөнхий сайд Риши Сунакийн хадам эцэг юм.
Орон нутгийн цагаар өнгөрсөн сарын 29-ний өдөр CNN агентлагийн мэдээлснээр, Мурти YouTube платформын нэгэн контентод оролцох үеэрээ “Энэтхэгт долоо хоногт 70 цаг ажилладаг маш тууштай, сахилга баттай, туйлын шаргуу залуучууд хэрэгтэй байна" хэмээн хэлсэн нь олны анхаарлыг татсан байна.
Тэрээр үргэлжлүүлэн “Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман, Япон зэрэг орнууд олон цагаар ажиллахыг бодлогоор хэрэгжүүлж байсан. Яагаад ч юм манай залуучууд барууны орнуудын хамгийн хэрэггүй талыг нь “нутагшуулж” байгаа нь улс оронд тус дэм болохгүй байна” хэмээн хатуухан шүүмжилжээ.
"Энэтхэг улс анх удаа дэлхийн хэмжээнд хүндлэл хүлээж эхэлж байна. Яг энэ үед удирдлагын түвшинд ажиллаж буй хүмүүс залуучуудад шаргуу хөдөлмөрлөх сэдлийг төрүүлж өгөх ёстой. Одоо бид хөгжлийн төлөө нэгдэж, илүү хурдацтай урагшлах цаг болжээ” хэмээн Мурти өгүүлэв.
Хөрөнгийн хэмжээгээрээ Энэтхэгт тэргүүлэгчдийн нэг гэгддэг Мурти өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын байдлаар 4.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж АНУ-ын Forbes сэтгүүл мэдээлж байжээ.
Эх сурвалж: YTN