Даваа гарагийн өглөө үүрээр Израилийн талаас Газыг бөмбөгдөж, агаарын цохилт нь Ливан улсын өмнөд хэсэгт ч тусжээ.
Палестины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Израилийн дайралт Газын зурвасын төв болон хойд хэсэгт туссан гэнэ. Улмаар дайралт Газын хойд хэсэг дэх Жабалиа дүрвэгсдийн хуарангийн ойролцоох байшинг онож, хэд хэдэн палестин амиа алдаж, нэлээдгүй хүн шархадсан байна.
Тийнхүү албаныхны мэдээлснээр аравдугаар сарын 7-ы өдрөөс хойш Газын зурваст амь үргэдэгсдийн тоо өдгөө 6,000-ыг даваад байгаа бол 212 хүн олзлогдоод байгаа ажээ.
Үйл явдлын хүрээнд Израилийн Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр тэд өнгөрөгч 24 цагийн хугацаанд Газын зурвас дахь нийт 320 бай руу довтолсон гэнэ.
Харин BBC сувгаас шууд дамжуулснаар Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галлант, “Газа дахь цэргийн хөдөлгөөн магадгүй нэг, хоёр, гурван сар үргэлжилнэ. Гэсэн ч хөдөлгөөний төгсгөлд Хамас бүлэглэл гэж үгүй болсон байх болно” хэмээсэн байна. Улмаар түүний зүгээс агаарын хүчиндээ талархаж буйгаа илэрхийлж, өргөн цар хүрээ бүхий газрын дайралт удахгүй эхэлнэ гэжээ.
Эх сурвалж: BBC