Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд ажил идэвхтэй хайж буй 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тохирох ажлын байраар хангах боломжтой ажил олгогч 10 гаруй байгууллага хамтран оролцож байна.
Зорилтот бүлэгт чиглэсэн энэхүү арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах чиглэлээр тусгайлан бэлтгэгдсэн, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд шинээр нэвтэрч байгаа Ажлын Байрны Дадлагажуулагчид ажиллаж, арга хэмжээнээс өмнө нэг сарын хугацаанд бүртгүүлсэн ажил хайгч нарт ганцаарчилсан зөвлөгөө, ажлын байрны тохиргоо, урьдчилсан зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаагаар онцлог юм.
Энэхүү үйл ажиллагаанд хамрагдсанаар ажил хайгчид:
- Хүсэж буй ажлын байранд тогтвортой ажиллах,
- Мэргэжлийн коүч зөвлөхийн ганцаарчилсан үйлчилгээ авч ажилд орсноор ажил олгогчтойгоо үл ойлголцох эрсдэлээ бууруулах,
- Ажлын байр, ажлын нөхцөлтэй газар дээр нь очиж танилцах давуу талтай.
Харин ажил олгогч нарын хувьд:
- Нээлттэй ажлын байранд тогтвортой ажиллах хүний нөөцтэй болох,
- Хүртээмжтэй ажлын байр бий болгох чиглэлээр үнэлгээ хийлгэх, мэргэжлийн зөвлөгөө авах,
- Хөгжлийн Бэрхшээлтэй болон одой иргэнд хөдөлмөрлөх боломж олгох Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдэх,
- Компанийн нийгмийн хариуцлагын тухай заалтуудыг бодитоор биелүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Тус арга хэмжээг дараах ажил олгогч байгууллагууд болон ажилд зуучлагч платформууд дэмжин ажиллаж байна: Таван Богд Групп, МСS Групп, АПУ ХК, Мобиком Групп, GS25, CU Mongol, Говь ХК, Holiday Inn зочид буудал болон Zangia.mn, Worki aппликейшн.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу:
Б.Золжаргал (zoljargal.byambadorj@undp.org) 9090-1234