Японы Yomiuri Shimbun сонины 2-ны өдөр мэдээлснээр, Тoyota, Panasonic зэрэг салбар салбартаа тэргүүлэгч 20 компани цахилгаан автомашины батарейг дахин боловсруулах зөвлөлдөх байгууллагыг байгуулсан талаар онцлов. Энэ нь литий зэрэг түүхий эдийн нөөц хомсдохоос сэргийлэн авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг бололтой.
Toyota болон Panasonic-ийн батарейны хамтарсан компани болох Prime Planet Energy & Solutions, электроникийн салбарын “акулууд” болох Toshiba болон Fujitsu, автомашины сэлбэг үйлдвэрлэгч Denso, банк санхүүгийн салбартаа тэргүүлэгч Mitsubishi UFJ, Sumitomo Mitsui Marine & Fire Insurance зэрэг салбар салбарын томоохон компаниуд тус зөвлөлдөх байгууллагын нэрэн дор нэгдэж байгаа аж. Тэд өнгөрсөн сарын сүүлээр ажлын хэсэг байгуулж, бизнес төлөвлөгөөгөө боловсруулж эхэлжээ.
Эдгээр компаниудын хамгийн их анхаарч байгаа салбар бол хуучин батарейг нийлүүлэх зах зээлийг бий болгох явдал юм. Учир нь хүчин чадал нь муудаж цахилгаан автомашинд ашиглах боломжгүй болсон батарейг айл өрх болон үйлдвэрт бүрэн ашиглах боломжтой байдаг аж. Улмаар энэхүү нөхцөл байдлыг харгалзан, автомашины хуучин батарейг зохих үнэ ханшаар нийлүүлэх зах зээл болон түүнд шаардлагатай зохицуулалтыг бий болгохоор тус зөвлөл төлөвлөжээ. Түүнчлэн батарейны хүчин чадал хэр хэмжээгээр муудсан болохыг тодорхойлох технологийг хамтран хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд батарей солих үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой эсэхийг судалж байгаа гэв. Тус зөвлөл юуны түрүүнд цахилгаан тээврийн хэрэгслийн батарейг дахин боловсруулах бизнес төлөвлөгөөгөөр ажлаа эхлүүлсэн бол цаашид хөлөг онгоц, робот зэргээр хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
2019 онд 5 их наяд иенээр хэмжигдэж байсан дэлхийн батарейны зах зээл 2030 онд 40 их наяд иен, 2050 онд 100 их наяд иен болж өсөх төлөвтэй байгаа юм. Япон нь литий, бал чулуу зэрэг батарейны гол түүхий эдийг импортоор авдаг тул эдгээр материалыг тогтвортой байлгах нь эдийн засгийн аюулгүй байдлын хувьд нэн чухал асуудалд тооцогддог билээ.
Эх сурвалж: Hankyung
Эх дэлхийг химийн аюултай хог хаягдлаас аврах болсон сайхан мэдээ байна