Лүи Витон Мое Хеннесси группын тэргүүн компаниа өөрийн хүүхдүүддээ өвлүүлэхгүй ч байж мэднэ
2023, 9 сарын 15. 17:330

Тансаг зэрэглэлийн хувцас загвар, үнэт эдлэлийн салбартаа дэлхийд тэргүүлэгч Лүи Витон Мое Хеннесси (Louis Vuitton Moët Hennessy) группын дараагийн ерөнхийлөгчийг тодруулах асуудал төвөгтэй болох шинжтэй байна.

Нью Йорк Таймс сонины орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлснээр, тус группын тэргүүн өдгөө 74 настай Бернард Арно “Заавал өөрийн үр хүүхдүүддээ компаниа өвлүүлж үлдээнэ гэсэн ямар нэгэн хууль журам байхгүйн дээр шаардлага ч байхгүй" хэмээн хэлснийг онцолсон байна.

Энэ оны 4-р сарын 10-ны байдлаар тэрээр 211 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө Форбес сэтгүүлийн Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлсэн анхны европ хүн болж байсан билээ. Түүний удирддаг Лүи Витон Мое Хеннесси группын үнэлгээ өдгөө 48 тэрбум ам.доллароор хэмжигдэх гэнэ.

Харин одоогийн байдлаар хөрөнгийн хэмжээгээрээ Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн ард буюу дэлхийд 2 дугаарт бичигдэж буй Бернард Арно Нью Йорк Таймс сонинд өгсөн ярилцлагадаа “Зөвхөн гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн гэж хязгаарлалгүй чадварлаг бол надтай хамааралгүй хүн ч миний орыг залгамжилж болно” хэмээн цохон тэмдэглэжээ.

Одоогоор түүний таван хүүхэд Лүи Витон Мое Хеннесси группын томоохон салбаруудыг удирдаж, удирдлага менежментийн салбар дахь туршлагаа нэмэгдүүлж байгаа юм.

Өдгөө 48 настай том охин Делфин Арно группынхаа хоёр дахь том брэнд болох Кристиан Диорын гүйцэтгэх захирлаар ажилладаг бол 45 настай удаах хүү Антуан нь группынхаа хамгийн том хувьцааг эзэмшдэг хөрөнгийн биржид бүртгэлтэй хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал юм.

Харин өдгөө 30 настай Александр тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн Тиффани энд Ко компанийн дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг билээ. 28 настай дөрөв дэх хүү Фредерик нь тансаг зэрэглэлийн цагны Таг Хауэр брэндийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бол хамгийн отгон хүүхэд болох өдгөө 24 настай Жан нь Лүи Витон брэндийн цагны хэлтсийн маркетинг, хөгжлийн ахлагчаар ажилладаг байна.

Арно ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдээд байгаагийн хамгийн том шалтгаан нь цөөнгүй тооны компанийн захирлууд үр хүүхэддээ компаниа өвлүүлсний дараа тэдгээр компаниуд дампуурахыг харсантай холбоотой.

Францын хойд хэсэгт орших аж үйлдвэрийн хот болох Рубэ хотод өссөн Бернард Арно "Үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ босгосон бизнесийг дэндүү амархан өвлөн авдаг тул нэг, хоёр үе өнгөрөхөд дампуурах тохиолдол бишгүй байдаг. Би хүүхдүүдээ наргиж зугаацуулахыг хүсээгүй. Тэднийг ажилд сургаж, ажлын дөртэй болгохыг хүсдэг байсан” хэмээн өгүүлсэн байна.

Арно таван хүүхдийнхээ хамт сард нэг удаа группынхээ төв байранд үдийн үоог барьдан ба хамтдаа хооллож өнгөрүүлдэг 90 минутын хугацаанд тэрээр янз бүрийн бизнесийн асуудлаар хүүхдүүдийнхээ санаа бодлыг сонсдог аж. Энэ нь түүний хүүхдүүдээсээ авч буй нэг төрлийн шалгалт гэж ойлгож болох юм.

Гэвч түүний залгамжлагчийг эцэслэн тодруулах нь тийм ч ойрын хугацаанд яригдах асуудал биш юм. Учир нь тэрээр өнгөрсөн жил Лүи Витон Мое Хеннесси группын захирлуудын зөвлөлийн гишүүдийг ятгаж группын ерөнхийлөгчийн тэтгэвэрт гарах нас 75 байсныг 80 болгон өөрчилсөн билээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
8
1
1
2
2
6
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35