Мягмар гарагт Оросын Төв банк яаралтай хуралдаан зарлаж, бодлогын хүүгээ өсгөсөн билээ. Тэгвэл Оросын төв банкнаас авсан арга хэмжээ үр дүнгээ өгч пүрэв гарагт рублийн ам.доллар, евро, юаньтай харьцах ханш тус тус өсжээ.
ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр пүрэв гарагт Москвагийн цагаар 12:53 минутад ам.долларын рубльтэй харьцах ханш 1.84 хувиар буурч, нэг ам.долларыг 92.92 рублиэр худалдан авах болсон байна. Харин Москвагийн цагаар 12:55 минутад еврогийн рубльтэй харьцах ханш өнгөрөгч наймдугаар сарын нэгнээс хойш анх удаа 101 рублиэс буурчээ. Улмаар тухайн минутад нэг еврог 100.92 рублиэр худалдан авахаар болсон байна. Тийнхүү рублийн ам.доллар, евротой харьцах ханш буурахтай зэрэгцэн юанийн рубльтэй харьцах ханш ч буурч, нэг юанийг 12.63 рублиэр худалдан авах болсон байна.
Эх сурвалж: ТАСС