Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Оранж плаза, 409 тоот

Бидний тухай

ЭРХЭТ МОНГОЛ МЕДИА ГРУПП

   “Эрхэт Монгол” Медиа группын харъяанд өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз, монголын хамгийн олон хуудастай “Зиндаа” сэтгүүл, өргөн мэдээллийн топ сайтууд болох Zindaa.mn, Zone.mn, Breakingnews.mn, өдөр тутмын “Өглөөний сонин”, долоо хоног тутмын “Толь” сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд багтаж байгаа бөгөөд мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн 100 гаруй сэтгүүлч, уран бүтээлч, ажилтан ажиллагсадтай.

ZINDAA.MN МЭДЭЭЛЛИЙН САЙТ

   1996 оноос эхлэлтэй “Зиндаа” брэндийн өнөө цагийн үргэлжлэл болох Zindaa.mn сайт нь анхны мэргэжлийн редакци бүхий өргөн мэдээллийн сайт бөгөөд өдгөө тус редакцид 22 сэтгүүлч 24 цагийн турш шуурхай мэдээ, мэдээллийг түгээж байна. Уншигч, хандалтын тоогоор Монгол улсад эхний гуравт эрэмбэлэгддэг тус сайт нь телевизийн форматтай видео мэдээ мэдээлэл түгээх “Мобайл ТВ” төслийг анхлан санаачилж амжилттай хэрэгжүүлсэн нь энэ салбарт дэвшилтэт санаачилга болсон.

ЗИНДАА СЭТГҮҮЛ

   Чөлөөт хэвлэлээс эхэлсэн “Зиндаа” брэндийн хөгжил Монголын мэргэжлийн сэтгүүл зүйд нэгэн томоохон дэвшил авчирсан нь А4 форматын 280 нүүр, 20 гаруй тогтмол булан бүхий “Зиндаа” сэтгүүл юм. “Зиндаа” сэтгүүл нь “2017 оны шилдэг сэтгүүл”, МСНЭ-ийн “Ган үзэг” оны тэргүүн наадмын 2018 оны “Сэтгүүлийн шилдэг бүтээл”, 2019 оны “Сэтгүүлийн шилдэг редактор” зэрэг шагналуудыг хүртсэн нь монголчуудын үндэсний ухамсар, дархлааг сэргээн хадгалах, нийгмийн оюун санааг оюунлаг, үндэсний соён гэгээрүүлэгч эрхмүүдийн зүг хандуулах, монгол айл бүрийн оюуны санд он удаан жил хадгалагдах бичиг соёлын бүтээл туурвиж дахин давдагдашгүй үнэ цэнийг бий болгох нүсэр ажил амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл юм.

TV8 ТЕЛЕВИЗ

   ТВ8 телевиз нь 2006 оноос хойш ард түмний тодотголтойгоор өнөөдрийг хүртэл  13 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн телевиз юм. Төрийн захиргааны төв байгууллагуудаас гаргасан шийдвэрийг иргэд, олон нийтэд үнэн бодитоор мэдээлэхийн зэрэгцээ тэдэнд тулгамдаж буй асуудлыг газар дээрээс нь сурвалжлан олон нийтэд хүргэдгээрээ ТВ8 телевиз “Ард түмний” гэх тодотголтой болсон. 2019 онд байгаль хамгааллын чиглэлээр Тост, Тосон бумбыг хамгаалсан жишиг тэмцлийг нийтэд хүртээмжтэй, ил тод хүргэж, тус тэмцлийг ялалтад хүргэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүргээ нэр төртэй биелүүлсэн. Улмаар орон даяар өрнөж буй “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг газар дээрээс нь шууд дамжуулах нүсэр ажлыг явуулж, ХХ хөтөлбөрөөр хууль зөрчиж иргэдийг хохироосон, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хариуцлагагүй уул уурхайн асуудлыг нарийвчлан хөндөх зэргээр хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлж байна. ТВ8 телевиз өөрийн эфирээ улс орон даяар олон улсын стандарт бүхий FULL HD Форматаар дуу, дүрсний өндөр чанартайгаар  хүргэхийн зэрэгцээ ТВ8 mongolia 250 мянган дагагчтай фэйсбүүк пэйж хуудас болон www.tv8.mn сайтаараа өөрсдийн нийтлэл, нэвтрүүлгээ тогтмол хүргэдэг.

   ТВ8 телевиз нь 2019 оны 05-р сарын 10-ны өдөр менежментийн шинэчлэл хийж "Эрхэт Монгол" ХХК-д харъяалагдах аж ахуй нэгж "Суваг Ти Ви Найм" ХХК нэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгаа болно.

        ӨГЛӨӨНИЙ СОНИН

   “Өглөөний сонин” сонин нь 2006 оны 10 дугаар сараас үйл ажиллагаа явуулж, шилдэг нийтлэлийн бодлого, сэтгүүлчдийн ур чадвар, оновчтой менежментээрээ Монголын хэвлэлийн зах зээлд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан. Монголын хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар “Өглөөний сонин” нь өдөр тутмын 10 гаруй сониноос хэвлэлт, захиалгын тоо болон олон нийтэд үзүүлэх нөлөөлөл гэсэн үзүүлэлтээр жил бүр  эхний тавд тогтмол бичигдсээр ирсэн юм.

   Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” нь 2019 оны 4-р сараас эхлэн менежментийн шинэчлэл хийж "Эрхэт Монгол" ХХК-д харъяалагдах аж ахуй нэгж, "Өглөөний сонин" ХХК нэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгаа болно. Тус сонин нь 2019 оны хэвлэл захиалгын дүнгээр улсын хэмжээнд захиалгын тоогоороо хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.

© Зиндаа. 1996-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.