Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, СБД 14210, 1-р хороо, Энхтайваны єргєн чєлєє 19, ХХБ-ны тєв байр

ХХБАНКНЫ ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Б.МӨНХЖАВХАА: “БИД ЗӨВ ХҮНИЙГ АЖИЛД АВЧ, ХЭРЭГТЭЙ ХҮН БОЛГОХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА”

6 сарын 25. 11:21   |   14

Их, дээд сургуулиа төгсөж байгаа оюутан залуус ажлын байраа хайх, цаашдын томоохон төлөвлөгөөгөө гаргах зэрэгт нь практик мэдээлэл хүргэхийг зорьж Монголын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч ХХБанкны Захиргаа, хүний нөөцийн газрын Захирал Б.Мөнхжавхаа-тай ажил горилогчдын хандлага зүйн талаар болон ХХБанкны хүний нөөцийн бодлогын талаар ярилцсаныг Та бүхэнд хүргэж байна.

Их сургуулиа төгсөж буй зарим оюутнууд ямар байгууллага, газарт ажилд орох вэ гэдэг шийдвэрээс өмнө ажил хийх эсвэл дахин сурах гэдэг сонголтод эргэлзэж эхэлдэг шиг санагддаг. Хэрэв ажиллах нь илүү зөв гэвэл төгсөөд шууд ажилтан болохын давуу талууд, боломжуудыг тайлбарлавал?
Их сургууль төгсөөд залуучууд ажилд ороход өөр орчин, нийгэм хүлээж авдаг. Энэхүү нийгэмд төлөвшиж, их сургуулиас сурсан онолын мэдлэгийг нь ажлын байран дээр ашиглаж сурахад нь ажил олгогч маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Ажилтан болж хөдөлмөрийн харилцаанд ороод “унтчихсан байна” гээд хоцроод ирэх тохиолдол гарч байсан. Энэ бол дөнгөж төгссөн залуучуудын хувьд оюутны сэтгэлгээг нь арилгаж, ажил олгогчийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага ямар чухал гэдгийг ойлгуулснаар л бүх зүйл эхлэдэг.
Сүүлийн үед залуучууд дөнгөж их сургууль төгсмөгцөө магистрт сурдаг болсон байна. Миний бодлоор их сургуулиас олж авсан онолын мэдлэгийг практик дээр ашиглахгүйгээр дахин суралцахаар үр өгөөж багатай л санагддаг. Харин их сургуульд суралцсан онолыг ажлын байран дээр баталгаажуулсан тохиолдолд мэдлэгийн цар хүрээ нь тэлж, цаашид мэргэших суурь мөн ирээдүйн карьерынхаа чиг баримжаа, замналыг олдог. Үүний дараа магистраар суралцвал илүү үр өгөөжтэй байдаг.

Албан бичиг, цаасан дээрх үзүүлэлт эсвэл hard skill болон ярилцлагын үеэр анзаарагдах тухайн хүний хандлага буюу soft skill-ийн аль нь илүү зөв хүнээ сонгоход тусалдаг вэ? ХХБанк ямар хүнийг хайдаг вэ?
Hard skill бол хүн болгонд байх ёстой суурь чадвар гэж хэлж болно. Hard skill үгүйгээр Soft skill оршин тогтнохгүй. Хамгийн гол ялгаа нь Soft skill бол хүн бүрд өөрөөр төлөвшсөн байдаг ба тухайн хүний амьдралын турш хуримтлуулсан мэдлэг, ойлголтын хандлага учраас бид ярилцлагын үйл явцыг маш чухалд тооцдог. ХХБанкны хүний нөөц нь Зөв бөгөөд хэрэгтэй хүн гэдэг уриатай. Иймээс бид зөв хүнийг ажилд авч, хэрэгтэй хүн болгохын төлөө ажиллацгааж байна даа.
Үнэхээр мундаг мэргэжилдээ мэргэшсэн хүн байгаад дотоод хүн нь өөрөө байгууллагын харилцаа, үнэ цэнд сөргөөр нөлөөлөх хандлагатай бол энэ нь тухайн хүний боломжийг устгах хүчин зүйл болох боломжтой. Иймд бид сонгон шалгаруулалтдаа сэтгэл зүй, зан төлөвийг тодорхойлох 130-140  асуулт бүхий тестийг ашигладаг.

Банкны ажилтнуудыг “Банкир” гэдэг. Үүнийг сонсохоор жаахан сүрдмээр сэтгэгдэл төрдөг л дөө. Бүр дөнгөж сургуулиа төгсөж байгаа залуучуудад чадахгүй мэт мэдрэмж төрдөг байж магадгүй. ХХБанк хүний нөөцөө бүрдүүлэхдээ хэр уян хатан бэ? Ажилтанд тавьдаг хатуу, зайлшгүй гэх шаардлагаас дурдвал?
Орчин үед банкны үйлчилгээ дижитал, глобал болж байна гэдэг агуулгаараа бол технологийн хэрэглээний мэдлэг, гадаад хэлний мэдлэг чухал байдаг. Гэхдээ зайлшгүй гэлгүйгээр давуу тал гэх категори шаарддаг. Бид ажилтнууддаа зөв хандлагатай, зөв төлөвшилтэй байх шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг. Учир нь Банк өөрөө итгэлцлийн байгууллага учраас энэхүү шаардлагыг өндөрт тавьж л харилцагчийнхаа эд хөрөнгийг бүрэн хэмжээнд, найдвартай хадгалж байдаг. Энэ нь 29-н жил өвлөгдөж ирсэн бидний соёл.
“Бид ажилтнууддаа зөв хандлагатай, зөв төлөвшилтэй байх шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг”

Туршлага, туршлага бас дахин туршлага. Ямар нэгэн ажил хийхэд дадал, давтамж л хүнийг илүү сургадаг, хөгжүүлдэг гээд бид яриад байгаа. ХХБанк шинэ ажилтан шалгаруулахдаа туршлага хэр харгалздаг талаар?
Бид туршлага шаарддаггүй. Ур чадвартай, шилдэг ажилтнуудыг бий болгох, бэлтгэх нөөц уурхай нь TDB-д өөрт нь байдаг. Бид шинэ залуучуудаа сургаж, чадваржуулаад аваад явах 29-н жил ажилласан ахмад ажилтнууд, дунд шатны менежерүүд, хамт олон бүхий шилдэг багтай.
Мөн ажилтнуудаа тогтмол сургалт, семинар, forum, event-үүдэд хамруулан, шинэ чиг хандлагатай нь хөл нийлүүлэн ахлах боломжийг олгосоор ирсэн. Түүнчлэн, ажилтнууд өөрсдийгөө хөгжүүлэх, клубүүдийг нээн ажиллуулах боломжийг нээлттэй байлгадаг. Өнөөдрийн байдлаар 10 гаруй клуб үйл ажиллагаагаа явуулж байгаа. Онцолбол олон улсын англи хэлний “Toastmaster” клубийн албан ёсны эрхийг авсан байна. Мөн Банкныхаа дэргэд Хувь хүний хөгжлийн клубийг манай залуучууд байгуулан ажиллуулж байгаа.

Ажилтны тэвчээр гэж тодорхойлъё. Хүн бүрийн төлөвшил, амьдралын хэв маягаас хамаараад ажиллах хугацаа янз бүр байдаг. Гэхдээ компани өгөөжтэй байдлаа бодвол ажилтныгаа удаан хугацаагаар ажиллуулах сонирхолтой тэгвэл урт хугацааны байхын тулд танай банкны ажилтандаа өгөх сэтгэл ханамж юу байдаг вэ?
Манай ажилтнуудын дийлэнх, тодорхой хэлбэл 80 орчим хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг бөгөөд банкны ажилтнуудын дундаж нас 31 гээд боддоо. Өөрийгөө сорьж, амьдралаа босгох нас. Нэгэнт бид TDB гэх их айлын гишүүд учир нэг нэгэндээ анхаарал тавьж, дэмжиж байх нь зүй ёсны асуудал. Бид ажилтнуудынхаа нийгмийн асуудлуудыг дэмжих хөтөлбөр, өөрсдийн тогтсон бодлоготой.
TDB-ийн ажилтан болсноор хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц, автомашинтай болох, цалинтай чөлөө, бүхий л төрлийн тэтгэмж, тусламж зэрэг боломжуудаас гадна өөрийгөө хөгжүүлэх дэмжих хөтөлбөрүүд хэрэгждэг. Ажилтнуудын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж буй хөтөлбөрүүдэд бүхий л ажилтнууд тэгш эрхтэйгээр хамрагдах нь нээлттэй байдаг. Бид TDB-чүүдийн эрүүл мэндэд нь онцгой анхаарал хандуулж ажилласаар ирсэн. Энэхүү ажлын хүрээнд өдөрлөгүүд зохион байгуулахын сацуу эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлэх боломжуудыг бий болгосон байдаг. Үүний зэрэгцээ ажилтан бүр жилд авдаг “Эрүүл мэндийн өдөр”-тэй. Ажилтан бүр өөрийнхөө эрүүл мэндэд зориулж, чөлөөгөө авдаг. Түүнчлэн, жил бүр ажилтнууддаа эрүүл мэндэд зориулж, тэтгэмж олгодог. Энэ бүх үйл ажиллагаа уламжлал болон явж байна даа. TDB-ийн нэгэн гишүүн болсны давуу талыг манай ажилтнууд бүгд хүртэж, амьдрал ахуйгаа өөрчилж, өөдлөн дээшилцгээж явна даа.
Үүнийхээ үр дүнг баталгаажуулахаар бид өнгөрсөн онд гуравдагч байгууллагаар дамжуулан ажилтнуудын дунд сэтгэл ханамжийн судалгааг явуулсан. Ажилтнуудын маань сэтгэл ханамж маш сайн, банкаараа бахархах байдал өндөр үзүүлэлттэй гарч байсан шүү.

ХХБанкны нийт ажилтнуудын дүр төрх, хандлагыг төсөөлбөл та ямар гэж тодорхойлох уу?
Өнөөдрийн байдлаар 1850 гаруй ажилтнууд ажиллаж байна. Манай банкны ажилтнууд өндөр ёс зүйтэй, эрхэмсэг, мэдлэг ур чадвартай гэсэн “стереотип” олон нийтэд байдаг шиг санагддаг. Миний хувьд нэлээн хэдэн харилцагчаас “ХХБанкаар үйлчлүүлэхээр цаанаа л нэг өөр, үйлчилгээ, орчин сайхан” гэж сонсоод банкаараа бахархаж, бардамнаж байсан удаатай. Ерөнхийдөө манай банкны ажилтнууд ажилдаа дуртай, сэтгэлтэй, эрч хүчтэй, хариуцлага өндөртэй, үнэхээр л шилдгүүд нь байж чаддаг даа.

Менежментийн Япон, Америк загварчлал гээд Монголын компаниуд өөрсдөдөө гаднын туршлагыг нэвтрүүлдэг байх. ХХБанкны менежментэд бусад салбараас өөр, онцгой, бодлого байдаг уу? Ер нь үр дүн үзүүлдэг ажилтны тушаал дэвших боломж гэхчлэн тэр талаар?
Олон улсад нэвтрүүлсэн, хэрэгжүүлж буй туршлагуудыг шууд хуулж ашиглах боломжгүй. Бидний ажиллаж байгаа орчин нөхцөл, ажиллах хүчин өөр шүү дээ.
Гол нь монголд үйл ажиллагаа явуулж буй байгууллагад таарах уу, монгол хүний онцлог, үр бүтээмжид тохирох уу гээд олон асуудал гарч ирдэг. Иймээс бид өөрсдийн хариуцсан чиглэлээрх trend-үүд хэрхэн өөрчлөгдөж байгааг харах нь зөв байх. Жишээ нь жил бүр л “HR trend” өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Энэхүү trend-үүдээ анзаарч бид ямар өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлагатай байгааг олж харах маш чухал санагддаг.
TDB-ийн хувьд хэн юу хийж чадаж байгаа, бусдаас ур чадвараараа ялгарч чадсан нь дэвшдэг. Анх ямар ажлын байран дээр эхлэх нь хамаагүй. Ажилтан бүрт дэвших боломж нээлттэй байдаг. 2018 онд нийт ажилтнуудын 13,5 хувь нь дэвшин томилогдсон.

“Анх ямар ажлын байран дээр эхлэх нь хамаагүй. Ажилтан бүрд дэвших боломж нээлттэй байдаг”

Энэ жаахан хувийн асуулт болно байх. Таны хувьд ямар хүн ажилд авах сонирхолтой байдаг вэ, ажилд хүсэлт гаргагчдаас ямар зүйл илрэхэд дуртай хүлээж авдаг уу?
Миний хувьд Хүсэл тэмүүлэл, зорилготой байх хамгийн чухал үзүүлэлт. Яг манай банканд орох чин хүсэлтэй эсэхийг хамгийн түрүүнд харгалзан үздэг. Зарим тохиолдолд ажил горилогчид маань “хүн гоё гэхээр нь л...”, “зар хараад л” гэхчлэн идэвхгүй хариултыг өгөх тохиолдол байдаг. Энэ нь урам хугарах, тухайн хүний сул үзүүлэлт шүү дээ.

Ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцогчдоос таны анзаарсан түгээмэл гаргадаг дутагдал нь юу байдаг вэ? Энэ зүйл дээрээ анхаарчихвал гэж бодогддог зүйлээсээ хуваалцаад уншигчдадаа зөвлөгөө өгвөл?
Анкет дээрх бичгийн соёлоор дамжуулж, тухайн хүнийг таних анхны алхмууд хийгдэж эхэлдэг. Алдаад бичнэ, асуултаас өөр зүйлс бичнэ, асуултыг бөглөхгүй орхино. Энэ бүгдээс тухайн ажил горилогч ямар хандлагатай хүн бэ? ажиллах чин хүсэл эрмэлзэл байна уу? хариуцлагатай хүн мөн үү гэх олон зүйлүүдэд дүгнэлт хийж болдог. Одоогийн залуучуудад гарч буй түгээмэл алдаа нь монгол хэлээр зөв бичих, найруулга, утгыг нь зөв гаргах гэдэг ойлголт дутагдалтай болсон нь ажиглагддаг. Хаана ч, хэнийг ч тодорхойлдог нэг үзүүлэлт нь бичгийн соёл.
Мөн түрүүн ярьсан шиг ажилд орох чин хүсэл тэмүүлэл харагдахгүй бол сул тал болно. Өөрийн хүсэл сонирхол, тэмүүллээ нээлттэй харуулах нь зөв шүү. Ингээд бид хөгжих “mindset”-тэй, ур чадвараа дээшлүүлэх хүсэл сонирхолтой залуус бүрд бүрэн нээлттэй.
Цаг заваа гарган ярилцсан Танд баярлалаа,


Б.Сувд

 

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Ажлын байрны зарууд

  1. Программ зохиогч7 сарын 19. 16:40

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Худалдаа, хөгжлийн банк. 1990-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.