Япон залуус өндөр цалингийн төлөө хилийн чанадыг зорих нь ихэсжээ
4 сарын 15. 16:530

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 13-ны өдөр мэдээлснээр, Японы аж ахуй нэгжүүд энэ улиралд цалинг дээд хэмжээнд хүртэл нэмэгдүүлээд байгаа ч хилийн чанадыг зорин ажиллах залуусын тоо улам нэмэгдэх болсон талаар онцолжээ. Учир нь бодит цалингийн хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч буурснаас гадна иенийн ханш суларсан зэрэг нь үүний гол шалтгаан хэмээн дурдаж болох юм.

Тус мэдээнд дурдсанаар 2023 оны санхүүгийн жилд (2022 оны 7-р сараас 2023 оны 6-р сар хүртэл) Австралийн “ажиллах болон амрах” виз авсан япончуудын тоо ойролцоогоор 14.398 болсон нь 2001 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүнчлэн өнгөрсөн онд Канад, Шинэ Зеланд улсуудын“ажиллах болон амрах”виз авсан япончуудын тоо 10 мянга давсан ба эдгээрийн ихэнх нь 18-30 насны залуус байв.

Японы залуу ажиллах хүчин хилийн чанад руу урсаж байгаа нь зөвхөн “ажиллах болон амрах” визээр хязгаарлагдаж байгаа юм биш. Тодруулбал тус улсын Гадаад харилцааны яамны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, өнгөрсөн онд гадаадад байнгын оршин суух эрх авсан япончуудын тоо 574.727-д хүрсэн нь энэ төрлийн судалгааг хийж эхэлснээс хойш буюу 1989 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. S&P Global Market Intelligence-ийн ахлах эдийн засагч Харуми Тагучи "Олон олон япончууд ажил хөдөлмөр эрхлэхийн тулд хилийн чанадыг зорьж байна. Хэрэв энэ хандлага цаашид үргэлжилбэл Японд залуусыг ажилд авна гэдэг “тэнгэрийн умдаг атгахтай” ижил асуудал болж хувирах болно” хэмээн анхааруулав.

Цалингийн хэт зөрүүнээс болж энэхүү үзэгдэл ихсэж байна гэж тайлбарлаж болох юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр 2022 онд Японы жилийн дундаж цалин 41.509 ам.доллар байсан нь Австралийнх 59,408 ам.доллар, АНУ-ынх 77,463 ам. доллар байсантай харьцуулахад хамаагүй доогуур үзүүлэлт байв. Түүнчлэн сүүлийн 30 жилийн хугацаанд Австрали, Канад, Их Британи, АНУ-ын жилийн дундаж цалин ойролцоогоор 2.5 дахин өссөн бол Японд ердөө 1.01 дахин нэмэгджээ.

Мэдээжийн хэрэг, өнгөрсөн сард хийсэн хаврын цалингийн хэлэлцээрээр цалингийн өсөлтийг 5.24 хувьд хүргэж дээд амжилт тогтоосон ч бараа бүтээгдэхүүний үнэтэй шууд уялддаг бодит цалингийн хэмжээ буурч буй хандлагыг үгүй хийхэд багагүй хугацаа хэрэгтэй бололтой. Өнгөрсөн хоёрдугаар сард Японд бодит цалин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурснаар 23 сар дараалан буурсан үзүүлэлттэй гарав. 2023 оны бодит цалин мөн өмнөх оныхоос 2.5 хувиар буурч, сүүлийн 33 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Иточу судалгааны хүрээлэнгийн ахлах эдийн засагч Ацуши Такеда “Бусад улс орнууд цалингаа тасралтгүй нэмж байхад Японд 20 жилийн турш цалин огт нэмэгдээгүй. Иений ханш суларсантай холбоотойгоор энэ зөрүү улам бүр нэмэгдэж байна” хэмээн тайлбарлажээ. Мэйжи Ясудагийн судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Юя Кикава “Залуучууд Японы эдийн засгийн хэтийн төлөвт эргэлзэж байна. Тэдний амьдралын нөхцөл инфляцын үзүүлэлтээс хамаагүй хүнд байна” хэмээн цохон тэмдэглэв.

Хүн амын хөгшрөлт эрчимтэй явагдаж буй Японд ажиллах хүчний хомсдол нэмэгдэх төлөвтэй байна. Японы Худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнгөрсөн онд явуулсан судалгаагаар Японы жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гуравны хоёроос илүү нь ажиллах хүчний хомсдолтой тулгарснаас гадна Тейкоку мэдээллийн банкны тайланд дурдсанаар, Японд ажиллах хүчний хомсдолоос болж дампуурсан аж ахуй нэгжүүдийн тоо өнгөрсөн онд дээд амжилт тогтоожээ.

Япон улс ажиллах хүчний архаг хомсдолыг шийдвэрлэхийн тулд гадаад ажилчдыг татахыг идэвхтэй эрэлхийлж байна. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны өнгөрсөн сард гаргасан статистик мэдээллээр, өнгөрсөн онд Японд ажиллаж буй гадаад ажилчдын тоо 2.04 саяд хүрсэн нь 2022 оныхоос 12.4 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн тус улс ирэх жилээс "гадаадын иргэдэд зориулсан шинэ систем"-ийг нэвтрүүлж тодорхой хэмжээний япон хэлний мэдлэг, ур чадвар бүхий гадаад ажилчдыг ажлын байраа солиход тавьдаг байсан хязгаарлалтыг илүү уян хатан болгохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
52024-4-24 13:01
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
22024-4-24 6:28