Үндсэн хувилбар
Тухайн мэргэжлийг ямар зорилготой сонгосноо мэддэггүй нь олон
Ажил мэргэжил ба карьер · 11 сарын 22. 15:55 · 368

Жил бүр дээд боловсролтой ажиллах хүчний тоо нэмэгдэж байгаа ч ажилгүйдлийн түвшин буурахгүй хэвээр байна. Үүнд мэргэжил сонголт чөдөр тушаа мэт нөлөөлдөг гэдгийг их, дээд сургууль төгсөгчдийн 34,8% нь л мэргэжлээрээ ажилладаг гэсэн тоо бэлхнээ батална.

Мэргэжил сонголтоо буруу хийсэн оюутнуудын суралцах идэвх, чармайлт бага байдаг учир мэргэжлийн боловсролыг бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй байна.

СОНГОЛТ

Нэн түрүүнд өөрийн хүсэл сонирхлыг тодорхойлж, миний ур чадвар хүссэн сонголтод минь тохирох уу гэдгийг бодож, хүсэл, чадвар хоёрын тэнцвэр, нэгдэл дээр түшиглэн мэргэжлээ сонгох нь зүйтэй юм.

Хөгжлийн ташуур болох учиртай чадварлаг боловсон хүчин бий болоход тулгардаг гол асуудлын талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн Б.Батсүхтэй ярилцсанаа дор хүргэе.

"Дээд боловсролыг амьжиргаагаа залгуулах, тав тухтай амьдрах гэж эзэмшдэг. 
Гэтэл цаг, мөнгөө тэгж үрчихээд ядуу хэсэгт хамрагдаж байгаа нь эмгэнэлтэй” 

 - Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын багагүй хувь нь сонгосон мэргэжилдээ сэтгэл хангалуун бус байдгаас үүдэж ангиа солих, шилжих сонирхолтой байдаг. Энэ тал дээр төрөөс ямар хөтөлбөр хэрэгжүүлж, ямар арга хэмжээ авбал шилжих оюутны тоо хэмжээг бууруулж чадах вэ?

Их дээд сургууль төгссөн залуусын 34,8% нь мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхэлдэг, харин бусад нь ажиллаж чадахгүй байна.

Хүн амын ядуу хэсгийн 25 хувь нь дээд боловсрол эзэмшсэн, ажил хөдөлмөр эрхлэх насны иргэд байдаг. Дээд боловсролыг хүн амьжиргаагаа залгуулах, тав тухтай амьдрах гэж эзэмшдэг. Гэтэл цаг, мөнгөө тэгж үрчхээд ядуу хэсэгт хамрагдаж байгаа нь эмгэнэлтэй.

Мөн шилжих оюутны тоо их байгаа нь бодит байдал. Мэргэжил сонголтдоо хөнгөн хуумгай хандсанаас болж суралцах явцдаа шилжих шийдвэрийг гаргадаг.

Мэргэжлийг харилцах чиглэлээр нь хүн, хүнтэйгээ харьцах, байгальтай харьцах, техниктэй, тэмдэгттэй, уран сайхны дүртэй харьцах гэсэн үндсэн 5 хэсэгт хуваадаг. Харин эдгээрээс аль нь надад тохирох вэ гэдгийг хүүхдүүд баримжаалахгүй байна.

Энэ нь ЕБС-д эзэмшсэн мэдлэгтэй нь холбоотой, сайн боловсрол эзэмшсэн хүүхдүүд ерөнхий чигээ аль хэдийнээ харсан байдаг бол тааруухан сурлагатай хүүхдүүд ЭЕШ-д аль өндөр авсан оноогоо бариад л дараагийн шатны сургуульдаа орно гэсэн бодолтой байгаад байна.

Гэхдээ, мэргэжлийн чиглэлээ солих хүсэлтэй оюутнуудын шилжилт хөдөлгөөнийг нь бариад байж болохгүй.

Тэд ажил мэргэжлийн сайн сайхныг нь олж харалгүйгээр сонголтоо буруу хийцгээдэг. Харин их сургуулийн 2, 3-р курст орсон хойноо илүү боломжуудыг харж эхэлдэг. Эдийн засаг, цаг хугацааны хувьд тодорхой хугацааны дараа дахин өөр чиглэл рүү орох нь гарзтай боловч нүдээ аниад дургүй мэргэжлээрээ төгссөн хойноо ажилгүй байх нь бүр илүү гарзтай.

Шилжиж байгаа хүүхдүүдийн тоо бусад улсынхтай харьцуулахад өндөр байна уу, бага байна уу гэдэг нь чухал бага байвал сайн, харин өндөр байвал засаг бодлого гаргахаас өөр аргагүй болно.

- Мэргэжлээ зөв сонгож чадахгүй байгаа нь ахлах ангидаа ажил мэргэжлийн талаар мэдлэг мэдээлэл дутмаг байдагтай нь холбоотой байх, энэ талаар мэдээллийг сургуулиудад хэр өгдөг вэ?

Ажил мэргэжлийн тухай мэдээллийг өгөх хуулиар хүлээсэн үүрэг аль ч байгууллагад байдаггүй. Уг нь энэ асуудлыг бодлогын хэмжээнд авж үзээд, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.

Мэргэжлээ зөв сонгохын тулд эхлээд ямар ямар мэргэжил байдгийг мэдэх нь чухал. Ойлгож мэдээгүй зүйлээсээ сонголт хийж, шийдвэр гаргана гэдэг нь ихээхэн муйхарлал юм.

Одоогийн байдлаар biznetwork.mn дээр л гэхэд 24 салбарын 266 мэргэжил бүртгэлтэй байна. Гэтэл үүнээс хэдийг нь тэд мэдэх вэ гэдэг л гол асуудал.

Biznetwork.mn нь ажил олгогч болон горилогч нарт бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, карьер хөгжлийн чиглэлээр цогц үйлчилгээг үзүүдэг. Нийт 170.000 анкетын сантай, 4800 гаруй гишүүн байгууллагатай хамтран ажилладаг компани.

Тиймд Biznetwork.mn-д анкетаа үүсгэж, ажилд орохоор хандаж байгаа нийт хүмүүсийн хэдэн хувь нь мэргэжлээрээ ажиллах хүсэлтийг явуулдаг талаар Бизнетворк Консалтинг ХХК-ийн Борлуулалт үйлчилгээний албаны дарга Г.Төртогтох-оос тодрууллаа. 

 Г.Төртогтох: Ажилд орохоор хандаж байгаа хүмүүсийн 68,9% нь үндсэн мэргэжлийнхээ ажлын байранд анкетаа илгээдэг. Үлдсэн хувь нь өөрийн мэргэжлийн бус ажлын байранд ажиллах хүсэлтээ илгээдэг.

Энэ нь тэд үндсэн мэргэжлээрээ ажиллах сонирхол бага байгааг илтгэдэг.

ХАМГИЙН ИХ НӨЛӨӨ

Сурагчдыг мэргэжлээ сонгоход нь гэр бүл, найз нөхөд нь хамгийн их нөлөөг үзүүлдэг, гэвч тэдний зөвлөгөө байндаа тусах нь ховор.

Өөрийнх нь ур чадвар, хүсэл сонирхлыг өөрөөс нь илүү мэдэх нэгэн гэж байхгүй. Харин хамгийн ойр дөхөж очиж, түүнийг мэдэх хүн бол тэдний багш нь  байдаг.

Багш нар хамгийн сайн зөвлөгч байдаг ч тэдний сонголтод нөлөөлж чаддаг, эсэх талаар багш нарын сэтгэгдлийг дор хүргэе.

“Хүн болгон яах гэж  мэргэжилтэй болдог вэ, мэргэжил  гэж яг юу юм бэ гэдгийг л цөөн үгээр ойлгох ёстой”

 - Төгсөх ангийн сурагчдыг мэргэжлээ сонгоход нь гол төлөв юу хамгийн ихээр нөлөөлдөг вэ? багш нар нөлөөлж чаддаг уу?

Төгсөх ангийн сурагчид багш нараас зөвлөгөө л авдаг, харин хамгийн гол нөлөөг эцэг эхчүүд үзүүлдэг.

Гэхдээ тухайн хүүхдийн төлөвшил маш чухал, төлөвшил нь ямар вэ гэдгээс хамаараад ямар мэргэжил сонгохоо төлөвлөдөг, яг энэ дээр багш нар зөв мэдээллийг нь өгвөл хүүхдүүд зөв чиг баримжаагаа авдаг.

Мэргэжлээ сонгохдоо хүүхдүүд хамгийн түрүүнд сонирхлоо сайн бодох ёстой,  дараа нь чадвар маань юу билээ, энэ чадвар миний эзэмших гэж байгаа мэргэжилд хэр дөхөж очих вэ, эсвэл дутуу нь юу байна гэдгийг сайн судлах хэрэгтэй.

Түүний дараагаар мэргэжлийн онцлогт тохирсон хүний зан төлөв /темперамент/ болон бусад зүйлс нөлөөлнө.

Хүүхдүүд мэргэжлийг үнэлэхдээ эхний ээлжид тухайн мэргэжилтний авж буй цалин хөлс, хоёрдугаарт нийгэмд эзэлж буй байр суурийг нь хардаг. Энэ болгоноос л хамаарч ямар мэргэжилтэй болох вэ, гэдгээ шийддэг.

"Хамгийн түрүүнд өөрийн давуу талаа олж харах ёстой”

 - Ахлах ангийн сурагчид мэргэжлээ сонгохдоо нэгдүгээрт өөрийн хүсэл сонирхлыг дагадаг, хоёрдугаарт удам дамжсан гэдгээрээ эцэг эх нь хамгийн их нөлөөлдөг. Түүнээс гадна хамгийн эрэлттэй байгаа болон цалин өндөр байгаа мэргэжлүүдийг сонгодог.

Гэхдээ мэргэжил сонголтод багш нар их нөлөө үзүүлэх ёстой, ялангуяа анги удирдсан багш нар бүр илүү нөлөөлөх ёстой.

- Анги удирдсан багш нар сурагчиддаа мэргэжил сонголтын тал дээр хэр зөвлөгөө өгдөг вэ? мөн эсрэгээрээ багшийн өгсөн зөвлөгөөг сурагчид хэр хүлээж авдаг вэ?

Багш нар зөвлөгөөг маш сайн өгдөг. Гэтэл хүүхэд болгон тэр бүр зөвлөгөөг шууд хүлээж авдаггүй. Сонгосон мэргэжил нь цаг тутамд өөрчлөгдөж тогтворгүй байдаг.

Миний хувьд хүүхдүүдийнхээ зан төлөв, сэтгэл хөдлөл, хувь хүний хөгжил дээр нь тулгуурлаж чиг баримжаа, зөвлөгөөг өгдөг. Зарим тохиолдолд эцэг эхээс илүү анги даасан багш нар хүүхдүүдийн ур чадвар, хүсэл сонирхлыг илүү мэддэг. Яагаад гэвэл дунд ангиас нь эхлээд төгсөх хүртэл нь хүүхдүүдтэйгээ харьцаж ажилладаг учир тэднийг маш сайн ажиглаж, судалж, мэдэх боломжтой байдаг.

- Төрөл бүрийн хүчин зүйлс, нийгмийн байдал хүүхдүүдэд нөлөөлж байдаг ч яг өөрийн сонирхолдоо нийцүүлж мэргэжлээ зөв сонгоход тэд юун дээр анхаарах ёстой вэ?

Н.Баянбат: Хүн болгон яах гэж мэргэжилтэй болдог вэ, мэргэжил гэж яг юу юм бэ гэдгийг л цөөн үгээр ойлгох ёстой. Мэргэжилтэй болно гэдэг нь биеэ даагаад амьдрах чадвар л гэсэн үг. Тийм болохоор би хаана яаж амьдрах вэ, надад юу хэрэгтэй вэ гэдгийг сайн бодож гэр бүлтэйгээ маш сайн зөвлөлдөх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ юу хийхийг хүсэж байгааг нь маш сайн ажиглах хэрэгтэй. Хийхийг хүсэж байгаа зүйлтэй нь холбоотой дадал, авьяасыг л үндсэндээ мэргэжил гэж ойлговол сайн.

- Ц.Гандиймаа: Хамгийн түрүүнд өөрийн давуу талаа олж харах ёстой. Мөн мэргэжлийн талаар судалгааг сайн хийх хэрэгтэй. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг л бодох ёстой байх.

Хүн болгон дээд боловсрол эзэмших албагүй. Сурагчдыг гадуур яг практик орчинд явуулж үзэх хэрэгтэй, үйлдвэр, байгууллагуудтай танилцуулах хэрэгтэй, тэгж байж л хүүхдүүд яг ямар мэргэжил сонгох ёстой вэ гэдгээ мэдэж авна.

БСШУС-ын сайдын 453-р тушаалын нэмэлт тайлбараар 2018 оны есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгөх хичээлийг сургалтын жилд 35 цаг оруулахаар шийдвэрлэсэн. Уг хичээлийг ордог болоод удаагүй байгаа учир, үр дүн үзүүлэх болоогүй нь мэдээжийн хэрэг ч энэ мэт хичээлийг ордог болсон нь сайшаалтай.

Мөн үр дүнтэй, зөв мэргэжлийг сонгоход түлхэц болох, мэдэхэд илүүдэхгүй зүйлсийн нэг бол Gap year юм. Түүнийг дор товч тайлбарлах нь.

ЗАВСАРЛАГА ЖИЛ БУЮУ “GAP YEAR”

GAP гэдэг нь зай, завсар гэсэн утгатай үг.

Gap year нь ахлах сургуулиа төгссөний дараа их дээд сургуульд орохын өмнө 3 сараас дээш болон жилийн хугацаанд авдаг “завсарлага” юм. Завсарлага авснаар хувийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх, бие дааж сурах, өөрт тохирсон ажил мэргэжлийг олж харах гэх мэт давуу талууд бий болдог.

Монголд Gap year авна гэвэл жил алдана гээд гайхаж, эвэртэй туулай үзсэн мэт хүлээн авах нь элбэг. Гэхдээ завсарласан хугацаагаа үр бүтээлтэй ашиглаж чадвал “жил алдах” гэхээс илүү “жил хожих” юм.

Нэг үгээр хэлбэл Gap year авах хугацаандаа өөрийн хүсэл сонирхолдоо нийцсэн мэргэжлийг сонгож чадвал  үр дүн тааруухан суралцах 4 жилийг хожиж байна гэсэн үг юм.

Үүнд нэг жишээ дурдвал:

Жилийн завсарлага авах үзэгдэл нь АНУ, Их Британи, Австрали улсын сурагчид дунд түгээмэл байдаг бөгөөд нийт чөлөө авсан сурагчдын 51% нь ирээдүйд юун тухай суралцахыг хүсэж байгаагаа олж мэдэх зорилготой байдаг байна.

Гэтэл манайд жил алдахгүй л байвал ямар ч мэргэжилтэй болсон хамаагүй мэт бүгд л шуурч аль нэг их, дээд сургуульд ордог.

Эхлээд яах гэж их, дээд сургуульд орж байгаагаа сайн ойлгосон, мэргэжлээ баттай сонгосон байх хэрэгтэй. Гэвч тэгж чадаагүйгээс л чадваргүй ажиллах хүчин ар араасаа төрсөөр байна.

Өөрийн хувьд хамгийн зөв гэх мэргэжлээ сонгож чадаагүйгээс үүдэж “нийгмийн орчинд амьдрах дархлаа” болсон боловсролыг бүрэн дүүрэн эзэмшиж чаддаггүй. Үүнд л “дургүйд хүчгүй” гэх үг яг таарах нь.

Их, дээд сургуулиас олгосон боловсролыг бүрэн дүүрэн эзэмшиж чадалгүй төгсөх нь ажиллаж, хөдөлмөрлөх идэвхийг бууруулахаас гадна, цаашлаад хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарладаг.

Иймд сурагчдад мэргэжлээ зөв сонгохын ач холбогдол, чухлыг ойлгуулах дорвитой алхам зайлшгүй хийх хэрэгтэй.  Яаж гэдэг дээр товч, тодорхой жагсаалт гаргалаа.

  1. Ажил мэргэжлийн талаарх бүхий л мэдээллийг сурагчдад шат дараатайгаар өгөх. 
  2. Сурагчид нийгмийн ажилтан, ангийн багшаас мэргэжил сонголттой холбоотой мэдээлэл зөвлөгөөг хүссэн үедээ авах боломжийг бүрдүүлэх.
  3. Үр бүтээлтэй, сайн мэргэжилтэн болоход шаардагдах ур чадвар, заавал судлах хичээл, шинжлэх ухааны мэдлэгүүдийн талаар танилцуулах.

Төгсөх ангийн сурагчдыг тусгай хөтөлбөрийн дагуу, сонирхож буй мэргэжлийнх нь ажлын байранд дадлагажуулах, тэднийг үнэлэх.

 

Нийтлэлийг бичсэн сэтгүүлч: Б.Батгэрэл

Сэтгэгдэл үлдээх



Мэдээний ангилал

ТУСЛАМЖ 7010 1132, (976) 8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ (976) 8005 2200

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.